Торгоны замын түүхэн жимээр анх удаа тэмээгээр аялах гэж буй аялагч Н.Байгальмаа замд гараад дөрвөн ч сарыг үдэж байна. Тэрбээр анх таван улсын долоон аялагчтай хамт замд гарсан ч хүнд хэцүүг мэдэрсэн тэд замаасаа буцжээ. Харин Н.Байгалмаа зорилгоосоо буцаагүй, түүнд өөрийнх нь төрсөн дүү хань болж аяллыг цааш нь хамт үргэлжлүүлж явна. Одоогоор тэд 10  тэмээтэйгээр 1000 гаруй км газрыг туулж Говь Алтай аймгийн Алтай суманд үдлээд байгаа аж. 

Тус суманд цаг агаар хүндхэн байгаагаас болж тэд тэмээ малтайгаа шуурганд хүнд байдалтай хэд хоножээ. Аялагч Н.Байгалмаа энэ талаараа "..Өвөлжилт үнэхээр хүнд болж байнаа Монгол нутагт минь ...нүдээр харахад ч хүнд дүр зураг их байна. Нийт нутгаар цас маш их оржээ. Ялангуяа Шаргын уудам говьд өвөлжилт хүндэрсэн. Орой хэвтэртээ хөлдөж үхэж буй ботго, бага адуу, үхэр мал их байна. Малтай хүмүүсийг хараад сэтгэл их өвдөж явнаа....Бидний дуранд бүх зүйл бичигдэж байгаа...мал , малчил минь яана даа ...бид ч яахав" хэмээн бичжээ. 

Тэд 300 км-ийн дараа хил гарах бөгөөд Монголоос Английн Лондон хот хүртэл  нийт 12000 километр замыг туулах юм. Тэрбээр аялангаа үндэсний соёл, уламжлалаа хадгалахаар зорьж яваа. Тиймээс үндэсний хувцасаа, хоол хийх савнаас эхлээд тэмээний буйл, тохомоо хүртэл жинхэнэ монгол хэв маягаар бэлдсэн ажээ.