“ТЭРГҮҮЛЭХ САЛБАРУУДАД ХЭРЭГЖҮҮЛЭХ 100 ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ”-ний хүрээнд олон талын төлөөллүүд хамтарсан уулзалтыг зохион байгуулжээ

Засгийн газар үүрэгт ажлаа эхлүүлсний 100 хоногийн хүрээнд “ТЭРГҮҮЛЭХ САЛБАРУУДАД ХЭРЭГЖҮҮЛЭХ 100 ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ”-ний цогц эрэмбэлэлтийг хийж, төр хувийн хэвшлийн хоорондын уялдаа зохицуулалтыг хангаж ажиллах үүргийг Үндэсний хөгжлийн газар (ҮХГ), Сангийн яам, ЗГХЭГ хүлээсэн билээ. 

Үндэсний хэмжээний, хэтийн хөгжилд нөлөө үзүүлэхүйц төслүүдийг олон улсын түвшинд нийцсэн нотолгоонд суурилсан аргачлалаар эрэмбэлсэн. Эдийн засгийн өгөөжөөс гадна олон улсаас горилох санхүүжилтэд тавигдах болсон нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, хүн амд хүртээмжтэй байдал гээд олон үзүүлэлтийг харгалзан үзсэн аж. 

Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар хамтран гурван үе шатаар, гурван хувилбараар гаргасан. Энэхүү эрэмбэлэл нь урт хугацаанд манай улсын хөгжлийн дүр зургийг харах, цаашлаад хэрэгжүүлэлтийг хурдасгах зорилготой. Уг эрэмбэлэлийн хүрээнд 3 зөвлөлдөх уулзалтыг олон улсын санхүүжүүлэгч байгууллагууд, хувийн хэвшил болон салбарын мэргэжлийн холбоодын төлөөллүүдтэй цахимаар зохион байгуулсан. Ирэх Даваа гарагт дахин нийслэл, орон нутгийн удирдлагуудтай хийснээр саналуудыг эцэслэн шийдвэрлэх юм. 

Тэргүүлэх зуун төслийг эрэмбэлэхдээ төсвийн ачааллыг ихэсгэхгүй, өрийн таазыг нэмэгдүүлэхгүйгээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн шинэлэг арга механизмуудыг нэвтрүүлэх боломжийг Үндэсний хөгжлийн газар өөрийн чиг үүргийн хүрээнд үргэлжлүүлэн судална.

Дөрөвдүгээр сарын 13-ны өдөр зохиосон уулзалтад Нэгдсэн Үндэстний Байгууллага, Олон Улсын Валютын Сан,  Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн банк тэргүүтэй 10 гаруй олон улсын байгууллагын 40 гаруй төлөөлөл оролцжээ.

Уулзалтыг нээж уур амьсгалын Ногоон сангийн гадаад харилцаа эрхэлсэн захирал С.Оюун "Манай эдийн засгийн суурь болсон түүхий нүүрсэн дээр суурилсан төслүүдийг санхүүжүүлэх өртөг өндөр, хомс тиймээс төслүүдийн бэлэн байдлыг хангахдаа байгаль орчинд ээлтэй, ногоон шалгуурыг тавихын чухал" гэж онцолсон юм. 

ОУБ-ын төлөөллүүд төслийн эрэмбэлэлийг сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлээд, үргэлжлүүлэн холбогдох цөөн төслийг сонгон авч ҮХГ-аас нийтлэх Төслийн товхимолд (Pitch book) тусган, үргэлжлүүлэн сонгогдсон төсөл бүрд эрсдэлийн үнэлгээ хийх, олон улсын санхүүжилтэд бэлтгэх ҮХГ-ын ажлыг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.

Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хувийн хэвшил, салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй зохион байгуулсан уулзалтад Монголын томоохон бизнес группийн төлөөллүүд, гарааны бизнесүүд, бизнесийн холбоо зөвлөлүүд, мэргэжлийн холбоодоос бүрдсэн 80 гаруй зочин оролцлоо.  

Хоёр цаг гаруй  өрнөсөн уг хэлэлцүүлэгт оролцсон хувийн хэвшлийнхэн төрийн байгууллага ийнхүү нээлттэйгээр хөгжлийн бодлогоо хуваалцаж, хувийн хэвшилтэй хамтрах, бодлогын дэмжлэгийн боломжуудын тухай ярилцаж байгаа нь сайшаалтай шинэлэг хандлага  гэдгийг онцолж байв. 

ЭмСиЭс группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин,  Мандал Санхүүгийн Нэгдлийн ерөнхийлөгч Ө.Ганзориг нар төслүүдийн хэрэгжилтэд санхүүгийн шинэлэг боломжуудыг анхаарч, төр хувийн хэвшлийн хамтран ажиллах боломжийг   судлах, бодлогын залгамж халаа тогтвортой байдлыг эрхэмлэхийг онцолсон. 

Гэрэгэ компанийн захирал Н. Энхжаргал төр, хувийн хэвшилтэй өрсөлдөх ёсгүйг, АмЧам худалдааны тэнхимийн Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс төслүүдийг улс төржилтөд өртөхгүй үргэлжлүүлэх боломжийн талаар хөндөж, New Com группийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Э.Орчлон өөрсдийн хэрэгжүүлж буй томоохон төслөө танилцуулж, хамтарч болох боломжийг гээд өөр олон оролцогч, бизнесийн төлөөллүүд санал бодлоо илэрхийлжээ. 

Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал Монгол Улс байгаль орчинд ээлтэй ногоон төслүүдийг түлхүү бэлтгэж, эдийн засгийн эргэлтэд оруулахын ач холбогдлыг онцолсон. Судалгаа шинжилгээ, хөгжлийн төлөвлөлт хариуцсан дэд дарга Б.Дөлгөөн 100 төслийн эрэмбэлэлийн арга зүйн талаар болон макро эдийн засагт үзүүлэх нөлөөний талаарх асуултуудад хариуллаа. Уг төслүүдийг Засгийн газрын 100 хоногийн хүрээнд олон нийтэд зарлана.


Эх  сурвалж: Үндэсний хөгжлийн газар 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.