Видео: “Tesla” цахилгаан хөдөлгүүртэй пикап машиныхаа чанарыг лантуугаар цохиж харуулав

Peak.mn
11 сарын 22, 2019

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Tesla” компани цахилгаан хөдөлгүүртэй “Сybertruck” пикап машинаа пүрэв гарагийн үдэш Калифорни муж улсын Лос-Анжелес хотод танилцуулжээ. Танилцуулах арга хэмжээг тус компанийн цахим хуудсаар шууд дамжуулсан байна.

“Сybertruck” бусад загвартай адилгүй" гэж “Tesla” компанийг үүсгэн байгуулагч Илон Маск олон өнцөг булантай футурист загвар бүхий машинаа танилцуулахдаа хэлжээ.

Түүний хэлснээр, шинэ пикап машин нь хүчин чадлын хувьд Ford компанийн бинзен хөдөлгүүртэй алдарт F-150 загвартай дүйцэх аж. 

“Cybertrack” нь “ирээдүйгээс ирсэн, явган цэргийн хуягт машинтай” төстэй бөгөөд загварыг нь ч “Хутган дээгүүр гүйгч” шинжлэх ухааны зөгнөлт киноны загвараар хийжээ. Шинэ пикапын тэвш, цонх нь маш бат бөх аж. 

Танилцуулгын үеэр хаалгыг нь лантуугаар цохиж чанарыг нь харуулсан бөгөөд сум нэвтэрдэггүй хамгаалалттай гэдгийг нь Маск онцолжээ. 

Лантуугаар цохих буйг дүрс бичлэгээр хүргэж байна.

Cybertrack-ийн ачааны даац нь 3.5 мянган фунт /1.5 гаруй тонн/ бөгөөд 14 мянган фунтийн /6.4 тонн/ жинтэй чиргүүлийг чирэх чадалтай байна. Хөдөлгүүрийн хүчин чадлаас хамаарч Шинэ пикап машиныг гурван хувилбараар гаргах бөгөөд эдгээр загвар нь бүрэн цэнэгээр 400, 480, 800 километр зам туулах чадалтай байх аж. 

“Tesla” компанийн тэргүүний хэлснээр, хамгийн энгийн загвартай пикапыг 40 мянган доллараар авах боломжтой бөгөөд урьдчилсан захиалгыг тус компанийн цахим хуудсаар хэдийнэ эхлүүлжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

tesla сybertruck

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.