Peak.mn
04 сарын 16, 2023
Хүүхэд хүмүүжил, гэр бүлийн боловсролд зориулсан “Уурлах уу, учирлах уу” булангийн ээлжит зочноор “Эгүүшин академи”-ийн үүсгэн байгуулагч Т.Гаравхүүг урьж ярилцлаа. Энэ удаа өсвөр насны хүүхэдтэйгээ ярилцах арга барил болон эцэг эхчүүдийн анхаарах зүйлс, хамтдаа суралцахын ач холбогдлын талаар ярилцсан юм.
“Эгүүшин академи”-ийг үүсгэн байгуулах болсон шалтгаан
Академик боловсрол хэзээд үнэ цэнтэй. Гэсэн хэдий ч хувь хүний төлөвшил, хүмүүжил буюу хүн байх боловсролыг хүүхдэдээ олгох нь хамгийн чухал. Дөрвөн хүүхэдтэй ээжийн хувьд энэ асуултад хариулт эрж, эрэл хайгуул болж явсан юм.
Эрсэн хүн олдог гэгчээр энэ явцад хүн хоорондын харилцаанд суурилдаг зөөлөн ур чадвар олгох сургалтын орон зай маш дутмаг байсныг анзаарсан. Иймээс 17 жилийн турш хувь хүний хөгжлийн чиглэлээр судалсан туршлага дээрээ үндэслэн “Эгүүшин академи”-ийг байгуулсан юм.
Яагаад Эгүүшин гэж нэрлэсэн талаар олон хүн асуудаг. Эгүүшин гэж идээ буглааг эдгээгч эмийн ургамал бий. Залуу үе, өсвөр насны хүүхэд рүү чиглэсэн ажил маань нийгмийн олон асуудлыг шийднэ гэдэгт итгэж энэхүү нэрийг өгсөн юм.
Гэхдээ дээрх түүх бол мөсөн уулын орой гэдэг шиг зөвхөн нэг хэсэг нь билээ. Би өсвөр нас ямар чухал вэ, энэ насанд анхаарал халамж, чиглүүлэг яагаад чухал вэ гэдгийг амьдралаараа ойлгосон зах зээлийн үеийн хүүхдүүдийн нэг.
1990-ээд онд аав ээж минь ганзагын наймаанд дараа нь Солонгос улсыг ч зорьсон. Ганзага үүрч, хивсний ченж хийх гээд хэдэн үрсээ хүн болгохын тулд хичээхийн ихээр хичээж залуу насаа өнгөрүүлсэн аав ээжээ бодохоор өрөвдмөөр. Ард нь гурван хүүхэдтэй өрх толгойлсон ээж шиг үлдсэн би дүү нараа өсгөсөн. Тэр хэрээрээ бид амьдралд эрт суралцаж, бие даацгаасан. Гэвч аав ээжийн минь явуулсан мөнгө, амттан элбэг ч хайр халамж, халуун сэтгэлийг орлож чадахгүй шүү дээ. Хонхны баяр, төгсөлтийн шалгалтаар ч хэдүүлхнээ бөртийж байдаг сан бидэн хэд. Хүүхэд л хойно гуниглана, баярлана, наснаасаа эрт хэрсүүжсэн тул олон зүйлийг эргэцүүлж тунгаана, өөртэйгөө зөрчилдөнө. Хүний л эгч хойно дүү нартаа сайн эгч байх гэж хичээсэн тэр өдрүүдийг буруутгахгүй. Гэхдээ цээжинд минь нэгэн бодол хадаастай үлдсэн юм. “Том болоод заавал өсвөр насны хүүхдийн төв байгуулна” гэж өөртөө амласан билээ.
Бичлэг үзэх:
Та хүүхдээ хайр, ээнэгшлээр цангаачихсан яваа юм биш биз?
…Хоёр жилийн өмнө ахлах ангийн насны охинтой нэгэн ээж намайг зорин ирж уулзсан юм. “Охинтойгоо ойлголцож чадахгүй юм, би яах учраа ч олохгүй явна, охин маань дуугаа хурааж, сошиал хуудастаа янз бүрийн зүйл бичих болсон нь айдас төрүүлээд байна, яавал дээр вэ?” гэж хандаж байсан.
Тухайн үед ээж охин хоёртой тус тусад нь уулзсан. Ээжээс нь “Та хамгийн сүүлд хэзээ охиноо эрхлүүлсэн бэ, тэвэрч эрхлүүлсэн бэ” гэж асуухад хариулж чадаагүй. Охиндоо цаг гаргаад хамт байгаарай, магтаж урамшуулахдаа үнсэж тэврээрэй” гэсэн даалгаврыг тэр ээжид өгсөн. Жилийн дараа ээж охин хоёр эргэж ирээд сургалтад суусан юм. Тэд мэдрэмжээ хуваалцдаг дотны найзууд болчихсон, харилцааны асуудлаа шийдсэн тухай сонсоод маш их баярласан. Энэ мэтээр олон өөрчлөлтүүдийг харж байлаа. Тиймээс эцэг эхчүүдэд хүүхдэдээ цаг гаргахыг зөвлөдөг. Хүүхэд зарим нэгэн зүйл дутаж болно. Гэхдээ өөрийг нь хайрлах тэр мэдрэмжийг л эцэг эх дүүртэл өгөх ёстой. Хайр дүүрэн өсгөсөн бол хүүхдийнхээ ирээдүйд эргэлзэх хэрэггүй.
Яг л миний туулсан шиг завгүй амьдарч, үр хүүхдийнхээ төлөө зүтгэж байгаа эцэг эх олон. Гэхдээ та түр зогсоорой, бодох эргэцүүлэх цагийг өөртөө гаргаарай.
Хүүхдэдээ цаг гаргана гэдэг тусгайлан төлөвлөх нүсэр “ажил” биш юм шүү.
Хүүхэдтэйгээ ярилцахдаа хийж байгаа зүйлээ хойш тавиад тухайн мөчдөө төвлөрч, нүд рүү нь эгцэлж хараад сонсох л тухай яриа юм гэдгийг багшийн хувьд онцолж хэлмээр санагддаг. Тэднийгээ халуун дулаан үгсээр урамшуулж, энхрийлэн тэвэрч байгаарай. Тэврэлт бидний бодож төсөөлж байгаагаас ч хүчтэй бие сэтгэл зүйн дархлааг дэмждэг энгийн үйлдэл юм гэдгийг өсвөр насныхантай ажилласан туршлагаасаа анзаарсан.
Зарим ээжүүд хүүхдийнхээ хувь хүний төлөвшил нь зөв явагдаж байгаа эсэхийг хэрхэн анзаарах ёстой вэ гэж асуудаг. Үүнийг эцэг эх та сайтар анзаарах ёстой.
-Хүүхэд таны дэргэд өөрийнхөөрөө чөлөөтэй байж чадаж байна уу?
-Танд сэтгэлээ нээж бодол санаагаа хуваалцаж байна уу?
-Асуудал гаргахад бид тэдэнд ямар хариу үйлдэл үзүүлж байгаа билээ гэдгээ анхаарч үзээрэй.
Эдгээр асуултад бид бодит туршлага, үр дүн, гаргалгаа гаргаж, энгийн, ойлгомжтой, хэрэгжүүлэхэд хялбар аргыг санал болгодог.
Санаандгүй үг, санамсаргүй үйлдэл ч хүүхдийн өөртөө итгэх итгэлд хүчтэй нөлөөлдөг
Сэтгэл хөдлөлийн талаар хичээл орж байтал гэнэт нэг хүүхэд “Багшаа наад сэтгэл чинь надад байхгүй шүү дээ” гэж палхийтэл хэлсэн. Яагаад гэж гайхан асуутал “Ээж намайг сэтгэлгүй гэж загнадаг, сэтгэлээрээ юм хийсэнгүй гэдэг” гэж өөртөө итгэлгүйхэн хариулж байв.
Бас нэг сургалтын үеэр 4 дүгээр ангийн хүү “Багшаа, миний тархи хоосон, би тархигүй байх. Аав маань намайг дандаа хоосон толгойтой гэдэг” гэж хариулсан. Тэр өөртөө итгэлгүй харцтай хүүхэд байв.
Бидний санамсаргүй хэлсэн хэдхэн үгс хүүхдэд ингэж хүндээр тусдаг гэдгийг та мэдэх үү.
Хүүхэд насандаа мэдэрсэн, сонссон эдгээр үгс тэдний ухамсарт хар толбо үлдээж, томорсоор алсдаа амьдралд ямар ч байдлаар нөлөөлж болно. Энэ нь ялангуяа өсвөр насанд эмзэг тусаж өөрийгөө хүлээн зөвшөөрдөггүй, өөнтөгч, өөртөө итгэлгүй байх шалтгаанууд бас мэдрэмжүүдээ хуваалцаж чаддаггүй хаалттай хүн болгож өөрчилдөг юм шүү. Бодлогогүй үг хэлэхэд амархан, харин залруулахад хэтэрхий их цаг ордог.
Энэ мэтээр хүүхдийг ойлгох цаашлаад гэр бүлийн харилцан ойлголцол ямар чухал болохыг олон жишээг мэднэ. Тийм ч учраас бид хүүхэд болон эцэг эхийг хамтад нь хөтөлбөртөө хамруулах сургалтыг эхлүүлсэн юм.
Хөтөлбөрийн туршид бид томчуудын нас насны онцлогт тулгардаг харилцан адилгүй асуудал бэрхшээлүүдийг хүүхдүүдэд ч мөн ойлгуулж таниулж өгдгөөрөө онцлог. Нөгөө талаас эцэг эхчүүд бид ч мөн өнөөгийн нийгэмд хүүхэд залууст тулгарч буй асуудал бэрхшээл нь юу болохыг мэддэггүй. Тэгэхээр энэ ойлголцлын зөрүүг л бид багасгаж байж харилцан нэгнээ хүндлэх боломж нээгдэнэ. Энэ сургалт маань өгөөжөө өгч олон гэр бүлийн харилцаанд эерэг өөрчлөлтүүдийг гаргасанд баярлаж явдаг.
“Эгүүшин академи” юу хийдэг вэ
Хувь хүний хөгжлийн сургалтыг бидний зүгээс багцалж үзвэл 20 орчим, үүнээс задлан авч үзвэл 80 орчим ур чадвар байгаа гэж харж байна.
EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадварт гэхэд 20 орчим ур чадвар багтдаг.
Хүүхдэд зориулсан зөөлөн ур чадварын сэдэл болохуйц өдөр тутмын багахан даалгавар өгч ажиллуулаад явахад маш хурдан өөрчлөлтүүд гарч байна.
Сүүлийн жилүүдийн дунджаар авч үзэхэд бодит үр дүн гарч суралцах хугацаа 2-3 сар хангалттай гэж үзэж байна.
Хүүхдүүдийн зарим нь эцэг эхийнхээ шахалтаар хичээлээс гадуурх хувь хүний хөгжлийн төлбөртэй сургалтад суусаар залхчихсан нь анзаарагддаг.
Гэтэл нөгөө талд сурах хүсэл эрмэлзэл нь байвч боломж бололцоо хязгаарлагдмал хүүхэд маш олон бий.
Бид хувь хүний зөөлөн ур чадварыг хөгжүүлэхдээ хүртээмжтэй байлгах үүднээс хүүхдээс төлбөр авах нь зөв шийдэл биш гэж үзсэн. Хамгийн гол нь тэр хүүхдийн хувьд ойр байгаа асран хамгаалагчид нь л түүнийг ойлгож сонсох нь чухал тул тэдэнд зориулсан мэдээлэл өгөх хөтөлбөрийг боловсруулж эцэг эх хүүхэдтэйгээ хамт ажиллах боломжийг нээсэн.
Манай төвийн онцлог нь онлайнаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд гурван жилийн хугацаанд 1000 гаруй хүүхэдтэй ажилласан байна. 2023 он гарснаас хойш 500 гаруй хүүхэд хөтөлбөрт маань хамрагджээ.
Эгүүшин академийн зүгээс өсвөр насныханд одоо цагт эрэлттэй, хүн бүр хөгжүүлэх шаардлагатай 90 гаруй ур чадварыг зааж сургасаар ирсэн. Энэ жил албан ёсоор эхлүүлсэн хөтөлбөрт маань гэхэд 500 гаруй суралцаж байна. Эхлээд эцэг эхчүүд манай танин мэдэхүйн сургалтад хамрагддаг юм. Үнэ ердөө 30 мянган төгрөг. Үүний дараа хүүхдээс нь төлбөр авахгүйгээр 90 хоногийн онлайн сургалт ордог юм.
Хөтөлбөрийн үр ашиг нь гэр бүлд гарсан үл ойлголцол шийдэгдэх, хүүхэдтэйгээ ажиллах харилцах ойлголцох арга замаа олох бол хүүхдүүдийн зүгээс гэр бүлийнхнийгээ ойлгох өөрийгөө таньж мэдэх, хөгжиж суралцах арга барилаа олж эхэлдэг.
Эдгээр бодит үр дүнд тулгуурлан бидний нэн тэргүүнд хэрэгжүүлэх ойлгох ёстой зүйл бол хамгийн ойр байгаа хүнээсээ эхэлж ойлголцлыг бий болгох учиртайг л бид нийгэмд түгээхийг зорьдог.
Нэг зорилгын төлөө хамтдаа хөгжих ойлголцох харилцан туршлагаа солилцох нь чухал учраас л “ээж хүүхэд хамтдаа хөгжих” энэ хөтөлбөрөө боловсруулсан юм. Монгол хүүхдийн сэтгэхүй, монгол ахуйн онцлогт таарсан энэ хөтөлбөрийг долоон жилийн хугацаанд туршиж албан ёсоор эхлүүлж байгаадаа баяртай байна.
Нийтлэлч Мөнхжаргалын Оюун-Эрдэнэ
Та хүүхдээ дараах ур чадваруудад суралцаасай гэж хүсч байна уу?
Асуудлаа шийдвэрлэх;
Сэтгэл хөдлөлөө удирдах;
Өөртөө итгэлтэй байх;
Бусадтай хамтарч ажиллах;
Харилцааны ур чадварууд;
Амьдралын тэнцвэрээ хадгалах чадвар
Бидний зорилго өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн хүүхдэд хүртээмжтэй боломж олгоход чиглэдэг.
-------------------------------------------------
ЭЭЖҮҮДИЙН ХӨТӨЛБӨР:
5 хоног, LIVE-аар шууд явагдана.
Өглөө 06.00-06.40 цагт, 24 цаг хадгална
Төлбөр 100% хүүхэд хөгжүүлэхэд зориулагдана.
-----------------------------------------------
ЮУ ЗААХ ВЭ?
1. Хувь хүний хөгжлийн эрэлттэй ур чадварууд
2. Бодит туршлага, үр дүн, гаргалгаа
3. Энгийн, ойлгомжтой, хэрэгжүүлэхэд хялбар
------------------------------------------------
ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?
Төлбөр: 30,000 төгрөг
Данс: Хаан банк, 5629137016
Нэр: Хүүхэд хөгжлийн Игүүшин инээмсэглэл төв
Утга: FB хаяг, холбоо барих утас
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.