Ковид-19 цар тахлын үед Эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах ажлын хүрээнд эрчимт эмчилгээний тасгуудын хүчин чадлыг шат дараатай сайжруулж байна. Эрчимт эмчилгээний тасгуудыг орны хүчин чадлаас нь хамааран амьсгалын аппаратаар хангах ажлыг улсын хэмжээнд хийж байна. 

Энэ удаа төрөлжсөн төв эмнэлгүүд болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд БНГУ-ын Драгер брэндийн 175 амьсгалын аппаратыг нэмэлтээр хуваарилан хүлээлгэн өглөө.

Хоёр дахь ээлжийн амьсгалын аппаратыг хүлээлгэн өгөх үеэрээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Цар тахлын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээг өндөржүүлсэн бэлэн байдалд ажлуулж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх эмнэлэг эрчимт эмчилгээний тасгаа амьсгалын аппаратаар хангаж байгаа. 

Энэ хүрээнд Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн банкнаас 400, ДЭМБ-аас 125, АНУ дахь элчин сайдын яамнаас 50 амьсгалын аппарат авч байна. Энэ удаа нэмэлтээр 175 амьсгалын аппаратыг төрөлжсөн төв эмнэлгүүд болон дүүргүүдэд хүлээлгэн өглөө. Мөн Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-ийн амьсгалын аппаратны тоог нэмэгдүүлсэн. Удахгүй аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд амьсгалын аппаратыг нэмэлтээр хуваарилан өгнө. Аймгуудаа хүчилтөрөгчийн үйлдвэртэй болгохоор ажиллаж байна” хэмээв.


Улсын Гуравдугаар эмнэлгийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир “Цар тахлын үед орны нөөц, эрчимт эмчилгээний бэлэн байдлаа хангаж байна. Өнөөдөр БНГУ-ын Драгер брэндийн өндөр хүчин чадалтай, чанартай амьгалын аппаратаа хүлээн авч байна. Манай УГТЭ цар тахлын үед эрчимт эмчилгээний 50 ор дэлгэн, тусгаарлах эмчлэх 200 ор дэлгэх ёстой байгаа. Эрчимт эмчилгээний бэлтгэл хангагдсан, тусгаарлан эмчлэх 200 орныхоо 20-30 хувьд нь амьсгалын аппаратыг бэлдэнэ” гэлээ.

Хавдар Судлалын Үндэсний Төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү “ХСҮТ дээр хавдрын өвчлөлтэй хүмүүс үйлчлүүлдэг учраас эрсдэл хамгийн өндөр байдаг. ХСҮТ 300-аад ортой мөртлөө 5 амьсгалын аппараттай байсан бол өнөөдөр шинээр 25 амьсгалын аппаратыг хүлээн авлаа. Ингэснээрээ бид Ковид-19 үед хавдартай өвчтөнүүддээ зориулан болзошгүй эрсдэл тулгарахад яаралтай болон эрчимт эмчилгээний тасгуудаа бүрэн амьсгалын аппаратаар хангаж, нэмж 16 орыг дэлгэхэд бэлэн болсон” гэлээ.  



Эх сурвалж: Эрүүл мэндийн яам