Хүлэрт намаг аврал авчрах уу, сүйрэл авчрах уу?

Peak.mn
06 сарын 14, 2024

Дэлхийн дулаарал гэдэг үг чихэнд хадаж, үе үе томоохон хурал, чуулган боллоо гэж дуулдаад 10 гаруй жил болж байгаа ч яг юу нь болохоо байсан болоод дэлхий дулаараад байгааг саяхныг хүртэл гадарлах төдий л явж ирлээ. Энэ салбарын мэдлэггүй хүний хувьд сурсан мэдсэнээ энгийнээр буулгахыг завдсан минь доорх болно.

Хүлэмжийн хийг ийнхүү нэрлэхийн учир гэвэл хүлэмж өөрөө хөрсөнд ойсон нарны туяаг эргэж гаргалгүй барьчихдаг. Хүлэмжийн хий шилэн бүрхүүл шиг л “хөнжлөөр” дэлхийг хучсан байдаг. Тиймээс л агаар мандалд хүлэмжийн хий ихэдвэл өнөө нарны цацраг туяа, халуун илч хаашаа ч үгүй хурсаар халуун зунаар хурганы үстэй тэрлэг нөмөрсөн мэт л дэлхийг маань халууцуулж байгаа юм. Хүлэмжийн хий гэдэг нь гэхдээ ганц юм биш, дотроо олон янзын нэгдэлтэй. Голлон зонхилох нь озон, метан болон нүүрсхүчлийн хий. Харин өнөөдөр бид нүүрсхүчлийн хийн тухай ярина.

Нүүрсхүчлийн хийн 99% нь дэлхийн хөрсөнд агуулагддаг. Үүгээр ургамал тэжээгддэг, бүр хооллодог ч гэж болно. Ургамал хөрснөөс ус чийг, агаар мандлаас нүүрстөрөгч, нарнаас дулааныг авдаг нь хүнээр бол ус, агаар, хоолноос өөрцгүй. Үүнийгээ эргээд хүчилтөрөгч болгон гаргаж хүн үүгээр нь амьсгалаад нүүрстөрөгч болгон ялгаруулдаг. Уг нь бол төгс зохицол байгаа биз, бас хаягдалгүй. Чухамдаа нүүрстөрөгч нь агаарт орших биш мөнхийн эргэлдэж байх учиртай. Гэтэл хүн төрөлхтөн бид нүүрстөрөгчийн гол шингээгч гэгдэх ургамал болон ой моддын аймгийг хайр гамгүй ашиглаж, сүйдэлсээр өдгөө шингээгчгүй шахам болж байна. 

Болоогүй, хязгаар үгүй хэрэгцээгээ хангах гэж үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуйг хэт их хөгжүүлж нүүрстөрөгчийн ялгаруулалтаа нэмсээр л. Ингээд ирэхээр тэнцвэр нь алдагдаж хүлэмжийн хийн шингээлт нь нийлүүлэлт буюу ялгаруулалтаа гүйцэхээ больж, агаар мандал хааяагүй болсон хийгээр дүүрчээ. Энэ л дэлхийн дулаарлын шалтгаан байх нь.

Нүүрстөрөгч хөрсөнд агуулагддаг гэсэн дээ? Гэхдээ хөрс бүрт адилгүй, хүлэрт намагт маш ихээр агуулагдах бол цөлөрхөг газар хавьгүй бага гэх мэт. Уг нь бол нүүрстөрөгчийн нөөц ихдээ сайны шинж боловч агаарт биш харин хөрсөндөө байх учиртай. Хөрс элэгдэх тусам нүүрстөрөгч их хэмжээгээр агаарт дэгддэг. Өөрөөр хэлбэл, зүлэг ногоо зүгээр ч нэг нүдний баясгалан, малын тэжээл биш басхүү хөрсний нүүрстөрөгчийг тодорхой хэмжээнд “битүүмжлэх” үүрэгтэй. Тэгэхээр, хүн төрөлхтөн бид мод, зүлэг, цэцэг, навчнаас эхлээд ургамлын бүх л төрлийг хайрлан хамгаалах гарцаагүй үүргийг хүлээж байна.

Дэлхийн хуурай газрын ердөө 3%-ийг эзлэх хэр нь хөрсний органик нүүрстөрөгчийн 1/3-ыг агуулах хүлэрт намаг гэж юу вэ? Энэ нь гүний ус гадарга руу түрсээр үхсэн ургамлыг бүрэн задалж, ялзруулалгүй хадгалдаг чамин экосистем юм. Доороо ихэвчлэн мөнх цэвдэгтэй учир хоолыг муудахаас хамгаалдаг хөргөгчтэй зүйрлэхэд нэг их холдохгүй аж. Үхсэн ургамлын ялзмагтай чийглэг энэхүү хар хөрсийг хамгийн шимтэй, ховор ургамлууд таалан ургадаг. Ийм ч болохоор хүлэрт намаг мал амьтны хувьд идээний дээж болдог гэнэ.

Гэм нь малын бэлчээрлэлтийн эрчим тэнд хэтэрч, Монгол орны бусад төрлийн бэлчээртэй

Шалтгаан нь гэвэл хүлэрт намгийг балчиг шавар, машин техник байтугай морьтой ч явж болдоггүй гэж нүд үзүүрлэхээс биш хайрлан хамгаалдаг нь ховор байна. Зөвхөн Монголд биш, олон улсад ч ялгаагүй. Тиймээс нэн тэргүүнд хүлэрт намгийн ач холбогдол, уур амьсгалын өөрчлөлт болон биологийн олон янз байдалд үзүүлэх үр нөлөөг олон нийтэд сурталчлах чухал юм.

Яг энэ зорилгоор Дэ Нэйче Консерванси байгууллагын “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах байгальд суурилсан шийдэл” төслийн баг 2021 оноос хойш ажиллажээ. Тэд Монгол Улсын хэмжээнд хүлэрт намгийн тархалт, шинж чанарын талаарх судалгааг хийж, зураглалыг шинэчилж байгаа нь хамгаалахад чиглэсэн суурь ажил гэнэ. Уг төслийн зохицуулагч А.Эрдэнэчимэг (Ph.D) “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах байгальд суурилсан шийдэл төслийн хүрээнд бид Шижлэх ухааны академийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн, болон олон улсын эрдэмтэн судлаачидтай хамтран гурван жилийн хугацаанд нийт 600 гаруй цэгт судалгаа шинжилгээг хийлээ. Ингэснээр хүлэрт намгийн төлөв байдал, доройтол, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоож, цаашид шаардлагатай хамгааллын ажиллагааг авч хэрэгжүүлэх суурь бүрдэх юм аа. 

Үүний эхлэл болгож хүлэрт намаг ихтэйд тооцогдох Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын иргэдэд хүлэрт намгийн үүрэг, ач холбогдлыг сурталчлан таниулах, хамгааллын ажилд татан оролцуулахаар шат дараалсан уулзалт, сургалтыг зохион байгуулж байна” хэмээв. Төслийн багийнхан Дэлхийн усны өдрийг тохиолдуулан 2024 оны 3-р сарын 22-нд сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 200 гаруй сурагчдад сургалт мэдээлэл өгч, давхардсан тоогоор 100 гаруй малчинд төслийн явц, уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөө, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар танилцуулжээ.

Энэ үеэр малчид өөрсдийн амьдрал ахуйд хэрхэн нөлөөлж байгаа талаар хуваалцав. 

“Намайг хүүхэд байхад хүлэрт намаг маш их, сумын 60-70 орчим хувийг эзэлдэг байсан, одоо харин 14% болж буурсан гэж төслийн багш сая хэллээ. Бас хөрсний цөмрөлт манай суманд элбэг болсон нь цэвдгийг хамгаалдаг хүлэрт намаг ширгэж хатсанаас болдог гэнэ. 

Манай Баянзүрхэд бэлчээрийн даац хэдийнэ 3.5 дахин хэтэрсэн учир хөгжлийн бодлогодоо зайлшгүй тусгаж, малын тоо толгойг зохистой хэмжээнд барьж хүлэрт намгаа хамгаалах нь гарцаагүй шаардлагатай болжээ” хэмээн Эмт 1-р багийн оршин суугч, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Доржпүрэв хэллээ. Энэ мэтчилэн хүлэрт намгийн үүрэг, ач холбогдлыг танин мэдсэн нутгийн иргэдэд хамгаалах сэдэл төрснөө хуваалцсан юм.

Малчид нүүдэлчин ахуйг тэжээн тэтгэх эх сурвалж болсон байгаль, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөллийн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй, ойлголт, мэдээлэл авч мэдлэгтэй болсноор хамгаалах үйлсэд өөрсдийн сэдлээр манлайлан оролцож эхэлбэл төсөл үр дүндээ хүрнэ гэдгийг төслийн зохицуулагч А.Эрдэнэчимэг (Ph.D) хэллээ. Зураглалын ажил нь зардал мөнгө, хүн хүч шаардсан ажил тул Монгол орны хэмжээнд сүүлийн жилүүдэд шинэчлэгдээгүй байсан бөгөөд “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах байгальд суурилсан шийдэл” төслийн баг тархалтын зураглалыг шинэчлэх, баталгаажуулах зорилгоор дрон, хиймэл дагуулын мэдээ, үүлэн тооцоолол гэх мэт шинэлэг арга аргачлалуудыг туршиж байгаа гэв.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.