ТОЙМ: Гадаад хэргийн эмэгтэй сайд нар Монголд чуулж, хамтын хүчээ нэгтгэв

Д.ЭРДЭНЭТУЯА
07 сарын 03, 2023

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар зургадугаар сарын 29-нөөс 30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг анх удаа амжилттай зохион байгуулав. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар тус арга хэмжээг нээн үг хэлж, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүнсний аюулгүй байдлыг хангахад эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих талаар манай улсын бодлого, үйл ажиллагааг танилцуулсан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтыг нээж үг хэлэхдээ, дэлхий ертөнцийн амар амгалан, аюулгүй байдлыг хангах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд улс орнуудын эмэгтэй удирдагчдын үүрэг оролцоо, манлайлал нэн чухал байгааг тэмдэглэв.

Жендерийн тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нь хүний эрхийн салшгүй хэсэг, ардчиллын үндсэн шалгуур гэдгийг гүнээ ухамсарлаж, амар амгалан, эв нэгдэлтэй дэлхий ертөнцийг бүтээхийн төлөө хамтран ажиллахыг уриаллаа.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Хүйсийн тэгш байдлыг хангахын төлөө бүгд хүчээ нэгтгэж, эмэгтэйчүүдийн бүрэн оролцоог хязгаарлаж буй амьдралын бүхий л талбар дахь саад бэрхшээлийг арилгахын төлөө хамтран ажиллах ёстой” гэв.

Нээлтийн ажиллагаанд Андорра Улсын  Гадаад хэргийн эмэгтэй сайд, феминист чиг баримжаатай гадаад бодлого баримталдаг Япон, БНСУ, Люксембург зэрэг улсын Гадаад хэргийн эрэгтэй сайд нар, НҮБ-ын эмэгтэй өндөр албан тушаалтнууд цахимаар оролцон, мэндчилгээ дэвшүүлсэн бол БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдын мэндчилгээг тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нь уншиж уламжлав.

Энэхүү уулзалтад улс орнуудын төлөөлөгчид феминист гадаад бодлогын сайн туршлагаасаа танилцуулж, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүнсний аюулгүй байдлыг хангахад эмэгтэйчүүдийн оролцоо, гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Нидерланд, Перу, Шинэ Зеланд Улсын Гадаад хэргийн сайд нар эдгээр хэлэлцүүлэгт цахимаар оролцож, байр сууриа илэрхийлэв.

Мөн өдөр зохион байгуулсан өндөр түвшний хуралдаанд төлөөлөгчид дээрх сэдвүүдээр санал солилцож, тус уулзалтаас “Улаанбаатарын Тунхаглал” баримт бичгийг баталсан юм.

Олон орны эмэгтэй дипломатчид нэгэн дор чуулж, дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудад бидний хүлээх үүрэг, гүйцэтгэж чадах ажил, санаа тавьж шийдэх асуудлууд юу байгаа, үүний тулд хэрхэн хамтрах, яаж хүчээ нэгтгэх вэ гэдгээ нээлттэй ярилцсан томоохон арга хэмжээ болсон. Онцлох олон зочин эмэгтэй сайд төлөөлөгчид уулзалтад ирсэн бөгөөд тэдний хувьд энэ үйл ажиллагааг ихэд сайшааж, цаашид тогтмол зохион байгуулж байх санал ч гаргаж байв.

Өмнөд Африкийн Олон улсын харилцаа, хамтын ажиллагааны сайд Н.Пандор “Гадаад хэргийн эмэгтэй сайд нар цуглаж, албан ёсны хурал хийх явдал үнэхээр хамгийн чухал, хүлээгдэж байсан зүйл. Энэ ажлыг зохион байгуулах нь өөрөө их үр дүнг авчрах том ажил байлаа.  Ингэснээр бид бусад орны сайн туршлагаас хуваалцаж, энэ салбарт хэн, хаанах юу хийж хэрэгжүүлж байгааг мэдэх боломжтой.

Цаашлаад дэлхий нийтээр тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд эмэгтэйчүүдийн хамтын хүчийг бэхжүүлж байна. Энэ чуулга уулзалтад олон улсын жендэрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгэн зорилготой, чухал дээд түвшний ажил эрхэлдэг, хамтаар ажиллах чадвартай хүчирхэг эмэгтэйчүүд цугларлаа.

Миний хувьд тууштай байдлыг эрхэмлэдэг. Тийм ч учраас энэ арга хэмжээг бид тууштайгаар үргэлжлүүлж, цаашид тогтмол уулзаж хуралдаж байх хэрэгтэй гэж үзэж байна. Энэхүү форумыг зохион байгуулах болсон нь онцгой содон бөгөөд ихээхэн чухал ажил болж чадлаа. Тэгэхээр цаашдаа энэхүү уулзалт бусад орнуудад ч зохион байгуулагддаг болоосой, мөн манай Өмнөд Африк улсад ч гэсэн болоосой гэж хүсэж байна. Эмэгтэйчүүд бид дэлхийд тулгамдаж буй асуудлуудыг арилгахын тулд хамтран нэгдэж чадна гэж бодож байна” гэв. 

ХБНГУ, БНФУ хамтран зохион байгуулсан энэхүү уулзалтад:

Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Гадаад хэргийн сайд А.Бербок

Франц Улсын Гадаад хэргийн сайд К.Колонна

Индонез Улсын Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди

Лихтенштайн Улсын Гадаад хэрэг, боловсрол, спортын сайд Д.Хаслер

Өмнөд Африкийн Олон улсын харилцаа, хамтын ажиллагааны сайд Н.Пандор

Австралийн Холбооны Улсын Жендерийн тэгш байдлын асуудал эрхэлсэн Элчин сайд С.Кэмпбэлл

Бүгд Найрамдах Мозамбик Улсын Элчин сайд Ана Немба Уаине

Уур амьсгалын ногоон сангийн Гадаад хэргийн асуудал эрхэлсэн захирал С.Оюун

Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал П.Коук-Хэмилтон

Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Х.ельга Шмид нар биечлэн, мөн 10 гаруй улсын Гадаад хэргийн сайд цахимаар оролцсон юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима болон Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Андоррын Хант Улс, Япон Улс, Люксембургийн Их Гүнт Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд нар уулзалтад оролцогсдод амжилт хүсэж, видео мэндчилгээ дэвшүүлжээ.

Дэлхийн хүн амын тал хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэднийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн феминист болон феминист чиг баримжаатай гадаад бодлого хэрэгжүүлж буй орнуудын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна.

Монгол Улс ч эмэгтэйчүүдэд чиглэсэн бодлогыг гадаад харилцаандаа тасралтгүй явуулж, жендэрийн зааг ялгааг арилгахад чиглэсэн үйл ажиллагааг тогтмол дэмжиж ирсэн юм.

Энэ уулзалт нь Монгол Улсын бодлого, байр суурийг таниулах төдийгүй жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад оруулж буй бодит хувь нэмэр болж буй билээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.