Саруулын Ариунжаргал
04 сарын 03, 2019
ТОКИО. /TASS/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” компани хос хөдөлгүүрт автомашиныхаа технологийн патентуудыг энэ жилээс үнэгүй ашиглуулахаар төлөвлөж байгаа тухай “Nikkei” сонинд мэдээлжээ.
Одоогийн байдлаар “Toyota” компани энэ салбарт 20 мянга орчим янз бүрийн патент эзэмшдэг байна. Эдгээрээс чухам алийг нь үнэгүй ашиглуулах гэж байгаа нь хараахан тодорхойгүй байна.
“Toyota” компани ийм шийдвэр гаргах болсны шалтгаан нь цахилгаан хөдөлгүүрт автомашинтай өрсөлдөж буйтай холбоотойгоор хос хөдөлгүүрт автомашины эрэлт буурч магадгүй гэх болгоомжлолтой холбоотой аж. Патентуудын гол хэрэглэгчид нь Хятадын компаниуд болох төлөвтэй байна. Учир нь сүүлийн жилүүдэд тус улсад байгаль орчны стандартын шаардлагуудыг чангатгах болсон юм.
“Toyota” компани анх 1997 онд хос хөдөлгүүрт “Prius” машинаа зах зээлд гаргасан бөгөөд үүнээс хойш дэлхий даяар ийм хөдөлгүүртэй 13 сая орчим автомашин борлуулсан байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.