ВАШИНГТОН. /TASS/. Америкийн сансрын нисэгчид тун удахгүй Ангараг гараг дээр бууж, тэнд АНУ-ын төрийн далбааг мандуулна гэж Дональд Трамп Тусгаар тогтнолын өдөр ард түмэндээ хандан үг хэлэхдээ амлажээ.


“Бид  тун удахгүй Сар руу буцан очно, мөн ойрын үед Ангараг дээр Америкийн далбааг мандуулна гэдгийг та бүхэн мэдээсэй гэж би хүсэж байна” гэж Трамп мэдэгдсэн байна.


Сар болон Ангараг гарагийг эзэмшихэд NASA-гийн төсөвт нэмээд 1.6 тэрбум ам.доллар гаргахаар болсныг Трамп өнгөрөгч тавдугаар сард мэдэгдсэн билээ. Энэ нь аравдугаар сарын 1-нээс эхлэх 2020 оны санхүүгийн жилд NASA -д өмнө нь хуваарилсан 21 тэрбум ам.доллар дээр Конгрессоос нэмж хүсэх мөнгөн дүн юм.


АНУ-ын засаг захиргаа Сар руу автомат аппарат болон жолоодлогот хөлөг илгээх хөтөлбөрийг эхлүүлэх, эл хөтөлбөрийг сансар огторгуй, эн түрүүнд Ангараг руу аялахад чухал алхам болгон ашиглахаар шийдсэн юм. Америкийн мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар, 2024 онд Саран дээр буух бол 2030-аад оны дунд үед сансрын нисэгчдээ Улаан нүдэн гараг руу илгээхээр төлөвлөжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг