Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Монгол, ОХУ-ын баатар, сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

Ойг тэмдэглэх Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарч, комиссыг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүлж, олон сайхан арга хэмжээ зохион байгуулж байна. Өнөөдөр Оросын соёл, шинжлэх ухааны төвд ойд зориулсан үзэсгэлэн нээгдэнэ. Урьд нь төдийлэн дэлгэж байгаагүй олон ховор зураг, үзмэрийг тавьсан. Үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гарна. Зарим нэг арга хэмжээ коронавирусээс шалтгаалж, хойшлогдох нь гэж Ж.Гүррагчаа баатар танилцууллаа.

УИХ-ын дарга Г.ЗанданшатарТаны анхны мөрийг нь гаргасан сансрын замаар монгол хүн аялах цаг удахгүй гэдэгт итгэлтэй байна. Таны монгол түмний түүхийн хуудсанд үлдээсэн энэ гайхамшигт үйл хэргээр Монголын төр, монгол түмэн бахархдаг” гээд, сансрын ахан дүүс болох В.А.Жанибеков, В.П.Савиных, В.В.Ковалёнок нарт баярын мэндчилгээг минь дамжуулж өгнө үү гэж Ж.Гүррагчаа баатраас хүслээ.

Ж.Гүррагчаа баатар УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсныг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэж, “Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага УИХ-д сансрын баатар маань монгол түмнийхээ итгэлийг хүлээн сонгогдон ажиллаж байснаар бид бахархдаг. Танд эрүүл энх, урт нас, удаан жаргалыг хүсэж, сансрын уудмыг эзэмших хүн төрөлхтний их үйл хэрэгт үнэтэй хувь нэмрээ оруулсаар байхын өлзийт ерөөл өргөн барья” гэв.