Трампыг улиран сонгогдоно гэж үздэг хүмүүсийн тоо өсжээ

ВАШИНГТОН. /CNN/. Америкчуудын дийлэнх нь Дональд Трампыг АНУ-ын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдоно хэмээн үзэж байгааг “CNN” суваг, “SSRS” фирмийн явуулсан судалгааны дүн харуулжээ.


Ирэх 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн талаар явуулсан судалгаанд оролцогчдын 54 хувь нь “хамгийн боломжит таамаглал бол 2020 оны сонгуульд Д.Трамп ялах” хэмээн хариулсан бол 41 хувь нь түүнийг улиран сонгогдохгүй гэж үзсэн байна. 2011 оны тавдугаар сард Осама бин Ладеныг устгасны дараахан явуулсан судалгаагаар Барак Обама улиран сонгогдоно гэж судалгаанд оролцогчдын 50 хувь нь үзэж байжээ. 


Д.Трамп Ерөнхийлөгчийн үүргээ хэрхэн гүйцэтгэж буйг сайшаадаггүй хүмүүсийн дунд явуулсан судалгааны дүнгээс үзэхэд, өнгөрсөн 12 дугаар сард тэдний 81 хувь нь Д.Трамп улиран сонгогдохгүй гэж үзэж байсан бол одоо энэ үзүүлэлт 67 хувь хүрч буурсан байна. Харин Д.Трампыг дэмждэг хүмүүсийн хувьд түүнийг улиран сонгогдоно гэж 12 дугаар сард 85 хувь нь үзэж байсан бол одоо 88 хувь хүрчээ. 


АНУ-ын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг сайшаадаггүй хүмүүсээс шалтгааныг нь лавлахад, хамгийн гол шалтгаан бол түүний зан араншин гэж хариулжээ. Мөн түүнийг худал хэлдэг (13%), арьс өнгөөр ялгарварладаг (11%), чадвар дутмаг (11%), хууль бус цагаачлал (7%) гэх хариултыг тус тус өгсөн байна.



Харин Д.Трампыг дэмжигчдээс түүнийг яагаад дэмждэг талаар нь асуухад, эдийн засаг бол түүнийг дэмжих гол шалтгаан гэж 26 хувь нь хариулсан бол амлалтаа биелүүлдэг (12%), ажилгүйдлийн түвшин буурсан (8%), хилийн асуудлаар түүний баримталж буй бодлого (5%) хэмээн тус тус хариулжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

ану- трамп

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.