АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп найз нөхөдтэй харилцахдаа хамгаалалтгүй хувийн гар утсаа ашигладаг тухай “New York Times” сонинд нийтлэгдсэн мэдээллийг Цагаан ордон няцаагаад түүнд албаны ганцхан “iPhone” гар утас байдаг гэдгийг мэдээлсэн байна.

“New York Times” сонинд гарсан нийтлэл нь ерөнхийлөгчийн гар утасны тухай болон түүний хэрэглээний талаар хуурамч мэдээлэл өгч байна. Ерөнхийлөгчид гурван гар утас байхгүй. Тэрбээр Засгийн газрын мэдлийн албан ёсны ганцхан “iPhone” гар утас ашигладаг” гэж Цагаан ордны төлөөлөгч Хоган Гидли сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ хэлжээ.

Энэ цорын ганц “iPhone” нь аюулгүй байдлын бүх шаардлагыг хангасан болохыг тэрбээр батлан хэлсэн байна. Уг гар утсыг тогтмол шинэчилдэг бөгөөд тагнуулын байгууллагын зөвлөмжийн дагуу хакерын халдлагад өртөж болзошгүй сул тал эсвэл өртсөн эсэхийг байнга шалгадаг гэж Гидли нэмж хэлжээ.

Хятад болон ОХУ Трампын утасны яриаг чагнасныг Америкийн тагнуулын байгууллагынхан олж мэдсэн тухай “New York Times” сонин эх сурвалжуудынхаа мэдээллийг иш татан мэдээлсэн байна. Тус сонинд бичсэнээр бол Трамп “хуучны найзууд руугаа өөрийн хувийн “iPhone” утсаар ярьдаг” бөгөөд Америкийн тусгай албаны илтгэлд нотолж буйгаар, “Хятадын тагнуулууд түүний яриаг байнга сонсдог” аж. Эх сурвалжуудын хэлснээр, энэ нь ерөнхийлөгч хэрхэн ажилладгийг мэдэж, Америкийн засаг захиргааны бодлогод ямар байдлаар нөлөөлж болохыг судлах боломж олгож байгаа юм.

Ерөнхийлөгч Трампын утасны яриаг Оросын тусгай алба чагнаж байна гэх мэдээллийг Кремль шог хошин зүйл шиг хүлээж авч байгаа бөгөөд “сэтгүүлчийн хариуцлага доод түвшинд байгааг нотолж харуулсан мэдээллийг бодлогогүйгээр хөнгөн хуумгай хандаж нийтэлсэнд харамсч байна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков урьд нь мэдээлжээ.

Харин Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ху Чуньин мэдэгдэхдээ, Трампын утасны яриаг Хятадын тусгай алба чагнаж байна гэх мэдээлэл гарсанд харамсч байна. АНУ-ын зарим нэг хүн шилдэг кино зохиолоор “Оскар”-ын шагнал авахыг чармайж байгаа бололтой гэжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС