УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр С.Зоригийн амйиг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор сэтгүүлчдийн асуултад хариулж, байр сууриа илэрхийлэв.

Сайд Ц.Нямдорж "С.Зоригийн амь насанд халдсан явдалтай холбогдуулж Эрүүдэн шүүх ажиллагаа явагдсан. 1937 оны бүх аргыг хэрэглэсэн нь тодорхой болж байгаа. Би анхнаасаа ярьсан. Хаврын синдром туссандаа энэ асуудлыг би яриагүй. 

Нас барсан хүний цогцосыг айлын хашаанд аваачаад хаячихсан байхаар нь ил ийм зүйл хийж байгаа хүмүүс далдуур үүнээс долоон дор юм хийж байгаа гэдгийг мэргэжлийн хүний хувьд би мэдрэмжээрээ ярьж байсан. Энэ асуудлыг Аюулгүйн зөвлөл сонсох байх. 

Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа. Тагнуулын 2 ажилтан цагдан хоригдсон. Шийдвэр гүйцэтгэл тагнуулаасаа болж тавигдаад, энэ бүх үйл ажиллагааг зохион байгуулахад гар бие оролцсон бас нэг хүн хоригдсон. Би сайдын ажлаа буцааж авангуутаа нэг хүн халсан. Тагнуулын ажилтан, ахлах дэслэх цолтой хүн яахаараа Хурандаа болчихоод Шийдвэр гүйцэтгэлд ирж удирддаг юм бэ гээд явуулсан. Энэ чинь ийм учиртай юм. Одоо яг тэр хүн шалгагдаж байна. Цаашид шалгалт үргэлжилнэ. 

Би энэ улсын ХЗДХ-ийн сайдын хувьд Монголд цаашдаа, үеийн үед, хэзээ ч 1937 онынх шиг ийм хэрэг явдал давтагдах ёсгүй болтол нь арга хэмжээ авах ёстой гэж үзэж байгаа. 

Би тэр хоёр ялтантай очиж уулзсан. Хийгээгүй хэрэгт хэлсээр шийтгүүлж, гэм зэмгүй хүмүүс хүйтэн камерт яаж байдгийг нүдээр үзүүлье гэж би тэр 2 ялтантай уулзсан. 

Аль аль нь 40 гаруй настай, 20-25 жилийн ялтай, шоронд ийм хүмүүст тэнсэн гэж байдаггүй. Тэр Т.Чимгээтэй нь ч, Б.Содномдаржаатай нь ч уулзсан. Өчигдөр хоёуланг нь эмнэлэгт хэвтүүлсэн. Шүүх энэ хүмүүсийг суллатал эмнэлэгт байлгаж байгаад гаргана.

Би Монгол Улсын ХЗДХ-ийн сайдын хувьд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын ар гэрийнхнээс уучлал гуйж байна. Би амьдралдаа уучлал гуйж үзээгүй. Одоо бол гуйж байна.  Ч

Аймшигтай аргууд хэрэглсэн байна. 1937 он сэргэснийг би нүдээрээ үзлээ. Зарим хүн ийм зүйл хийдэг юм байна. Би тултал нь явна. Дахиж Монголын хуульчид хэзээ ч хүнийг ийм харгис, хэрцгий аргаар эрүүдэн шүүж, яргалдаг явдлыг гаргуулахгүй байхын тулд системийн чанартай өөрчлөлт хийх шаардлага харагдаж байна.

1970-аад оноос хойш Монголд гарсан дуулиант хэрэг болгоныг ерөнхийд нь би мэднэ. Гэхдээ ийм аймшигтай зүйл үзээгүй" хэмээлээ.