Цуу яриагаар бороотой, бүүдгэр өдрүүд таны сэтгэл хөдлөлд нөлөөлж, таагүй эсхүл гунигтай мэдрэмж төрүүлдэг гэдэг.

Танд тийм мөчүүд ажиглагдаж байв уу? Бороо орох гээд тэнгэр бүүдийхэд баяр гуниг тань хаа ч юм одоод өгч байсан уу?

Тэгвэл бидэнд танд дуулгах сонирхолтой баримт байна.

Тийм ээ, бороотой, бүүдгэр өдрүүд таны сэтгэл хөдлөлд нөлөөлөх чадвартай. Таагүй цаг агаарын нөхцөл бидний сэтгэл хөдлөлд сөргөөр нөлөөлдөг. Судалгаагаар дэлхийн хүн амын 9 хувь нь бороог үзэн яддаг гэнэ. Тэд бороотой, бүүдгэр өдрүүдэд илүү ууртай болж, аз жаргалыг багаар мэдэрдэг байна. Өөр нэгэн судалгаагаар бороотой өдрүүдэд хүмүүсийн Фэйсбүүктээ оруулах постууд сөрөг эсвэл гунигтай байх нь их байдаг гэнэ.

Клиник сэтгэл судлаач Тэссиа Эвансийн ярьж байгаагаар, “Гадаа бүрхэг, бүүдгэр болоход зарим хүмүүс ганцаардаж, сэтгэлээр унах үзэгдэл байдаг. Бороотой өдрүүдэд өөрийн сэтгэл хөдлөлийг ажиглавал илүү бодлогошронгуй, гунигтай эсхүл өөрийгөө үнэлэх үнэлэмж тааруухан мэдрэмж мэдрэх нь нийтлэг үзэгдэл” ажээ.

Тэгвэл тэдгээр тохиолдолд яах ёстой юм бол? Гуниг ганцаардлаа мэдрээд л хөнжилдөө шургах нь зөв болов уу? 

Профессор Эвансийн зөвлөснөөр, хэдий бүх гэрлээ унтраагаад өрөөндөө бүгмээр байсан ч, гэрлээ асаагаад гэгээтэй, хүнтэй орчин бараадах хэрэгтэй гэнэ. Судалгаагаар гэрэл нь тархин дахь серотонины хэмжээг нэмэгдүүлж, сэтгэл санааг өргөдөг байна.

Харин сэтгэл засалч Жулиа Самтоны хэлж байгаагаар, “Би хувьдаа хүмүүсийг гадаа хэдий бороотой, хүйтэн байсан ч гарч салхилахыг зөвлөдөг. Хэдий нүдэнд өртөх гэрэл бага, бүүдгэр байх ч гэсэн хэт ягаан туяаны тусгалууд байж л байгаа шүү дээ. Харин хэт ягаан туяа нь цусны эргэлтийг тогтворжуулж, сэтгэл санааг дэмждэг” хэмээжээ.

Гэсэн ч гадаа бороо хувингаар цутгах мэт орж байхад гараад алхах хүн хэр олон билээ дээ? 

Энэ тохиолдолд профессор Эванс, өөрт тань хөгжилтэй, сайхан мэдрэмж төрүүлдэг киногоо үзэх, тоглоом тоглох, зураг зурж, баримал хийх, ном унших зэрэг өөрийн тань сэтгэл санааг дээрдүүлдэг зүйлсийг хийхийг зөвлөжээ.

Гэвч үнэхээр сэтгэл санаагаар уначихсан байвал яах вэ? Дуртай зүйлсээ хийе гэсэн ч ямар ч эрч хүчгүй, уйлаад гонсойгоод л суугаад баймаар бол юу хийх хэрэгтэй юм бол? 

Хатагтай Самтоны зөвлөж байгаагаар, "Дасгал хийгээд үзэхийг" хүсжээ. Дасгал хөдөлгөөн хийх нь хүмүүсийг сэргээж, өөрийгөө үнэлэх үнэлэмжид нь нөлөөлдөг бөгөөд тархин дахь эндорфины хэмжээг ихэсгэж, сэтгэл санааг өргөдөг гэнэ.

Эцэст нь гэж хэлэхэд хаа нэг ганцаараа юм бодоод суух таатай ч гэсэн бороо орж байхад битгий өөрийгөө тусгаарлаарай” хэмээн сэтгэл судлаач маань анхааруулжээ. 

Хүмүүс ганцаараа байхад тэдний сэтгэл санаа илүү дордох тохиолдол нийтлэг ажиглагддаг. Бороотой өдрүүдэд өрөөндөө бүгэхийн оронд хайртай дотнын хүмүүстэйгээ харилцах нь тустай бөгөөд хэдий гадаа тэнгэр бүүдгэр ч таны сэтгэлд нар мандах шиг болох вий” хэмээн захижээ.


Эх сурвалж: WebMD