Охин өдрийн ихэнх цагийг гэртээ ганцаараа өнгөрүүлдэг. Ахлах анги учраас даалгавраа л хийчихвэл өдрийн уртад хань болдог нь түүний гар утас. Аав ээж нь орой ирэхээс өмнө хоолоо хийж орхино. Түүнээс наана гар утсаа боль гэж үглэх хүнгүй нь түүнд амар санагддаг байв. Нэг удаа саваагүйтэж үеийнхээ хөвгүүдтэй танилцана гэсэн фэйсбүүк чатад нэгдэж орхив. Гэхдээ өөрийнхөө хаягаар биш. Хуурамч хаяг нээгээд үеийнхээ хөвгүүдийнхээ янзыг үзэх л гэсэн хэрэг.  Санасанаар ч болж нүдэнд дулаахан хөвгүүнтэй чатаар танилцаж урт хугацаанд харилцаж эхлэв.

“...Өглөөний мэнд, оройны мэнд, ядарсан уу, чи минь хөөрхөн шүү, ухаалаг охин” амьдралдаа хэзээ ч сонсч байгаагүй магтаалын үгсийг ар араасаа сонсох түүнд дэндүү сайхан санагдана. Хуурамч хаягаараа харилцаж байгаа учраас охинд айх айдас, нуух зүйл ч үлдээгүй. 

Өдрийн турш юу хийдэг тухайгаа, сургуулийнхаа хажуу талын нарийн боовны газар хэнтэй сууж кофе ууж бялуу иддэгээ, ямар унаанд сууж хаана хүрсэн, юунд дуртай, юунд дургүй бүхнээ тэр шинэхэн танилдаа хуваалцаж байлаа. Үе тэнгийнх хэдий ч хэлсэн үг болгоныг нь хүндэтгэлтэй хүлээн авч сонсох нь хамгаас тааламжтай. Тэд бараг 6 сар харилцжээ.

Энэ хугацаанд чатаар танилцсан хөвгүүн нь жинхэнэ хаягаа хэлэхийг байнга шалаастай. Гэсэн хэдий ч охин бэлэн биш байв. Нэг өдөр хөвгүүн түүнд дассанаа, хараагүй ч хайртай болсон гэдгээ хэлжээ. Охин ч хэдий хараагүй ч зүрх догдлон хүлээн авав. Гэнэтийн боловч хүлээж байсан л хариу үйлдэл. Нэгэн өдөр хөвгүүн охинд нүүр царай биш юм аа гэхэд ядаж цээжнээсээ доош авахуулсан зургаа илгээхийг хүсчээ, мэдээж хувцастай. Охин хэсэг эргэлзсэн ч илгээж орхив. Гэтэл дараагийн удаа зөвхөн хүйсний хэсгийн зургаа, бүр гуя, хөхний зургаа илгээхийг хүссэн байна. Даамжирсаар охин анх удаа танихгүй хүнд хамгийн нууц хэсгийнхээ зургуудаа ч илгээв. Нэгэнт л хуурамч хаягаар харилцсан учраас  аюултай байдалд орно гэж төсөөлсөн ч үгүй. 

Нэг өдөр хөвгүүн сургууль дээр нь ирсэн гэдгээ хэлэв. Гэтэл тэр 16-тай хөвгүүн биш 22-тэй залуу байлаа. Гар утасны цаанаас нүүрээ халхалж дүр эсгэн чатлагч эр насанд хүрээгүй охины бичсэн зурвас, уулздаг найз нөхөд, очдог газраар баримжаалж судалсаар сургууль ангийг нь олоод мэдчихсэн хэрэг. 

Үүнээс хойш охины жаргалтай нүд нулимсаар бүрхэгдэж зовлонт амьдрал эхэлсэн. “Нүцгэн хэсгийн чинь зургийг эвлүүлж ангийнханд чинь харуулна, аав ээжид чинь хэлнэ” гэж байнгын дарамтлаастай. Өмнөөс битгий гэж гуйвал “Тэгвэл тэнд хүрээд ир, бэлгийн харилцаанд ор” гэж дарамталдаг байжээ. Хүндээс хүнд шийдвэр, хүүхэд насаа гээсэн өдрүүд үргэлжилсээр. Аав ээжээсээ айж, найз нөхдөөсөө ичиж яах ч учраа олоогүй охин энэ хугацаанд үнэнийг нууж хав дарж иржээ.

Энэ бол бодит болсон явдал. Зөвхөн ганц жишээ нь юм. Аз болоход ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар хэргийг илрүүлж охин тэрхүү гунигт амьдралаас салсан. Үеийнхэн охид сургуулиа яаж төгсөх талаар ярилцаж байхад тэр өвдөгөө тэврэн шархадсан зүрхээ эдгээх гэж хичээж яваа. Хамгийн гол нь энэ бүх хугацаанд аав ээж нь энэ аюултай харилцааг нь огтхон ч гадарлаагүй аж. Даруу төлөв охиноо хичээлдээ түүртэж яваа ч гэхээс өөр төсөөлөө ч үгүй. Бор хоногтоо шахуу амжиж гэртээ ирдэг учраас хүүхдэдээ гаргах зав байсангүй хэмээн харуусч сууна. Охид иймэрхүү жишгээр дөнгөж өсвөр насандаа, бага залуудаа гэмт этгээдүүдийн золиос болсоор байна.

Энэ мэтээр цахим гэмт хэргийн хохирогч болох тохиолдол жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, 2017 онд 299 цахим гэмт хэрэг үйлдэгдсэн бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт хэрэг үйлдэгдэж, гэмт хэрэг гаралтын тоо хоёр дахин нэмэгджээ. Уг тоогоороо бид дэлхийд цахим гэмт хэргийн хохирогчдын тоогоор 104 дүгээр байранд орсон. Хүн ам цөөхөн гэхэд дэндүү ахадсан байр гэсэн үг.

Хамгийн эмзэглэм нь цахим гэмт хэргийн хохирогчид хаана хандахаа мэддэггүй. Цагдаагийн байгууллагад мэдэгдвэл бусдад ил болно гэж айдаг. Үүний үр дүнд  гэмт этгээд ямар ч ял, шийтгэлгүйгээр үлддэг тохиолдлууд гарсаар. Иймд цагдаагийн байгууллагад энэ төрлийн гэмт хэргийг түргэн шуурхай мэдээлж, зохих арга хэмжээг цаг тухайд нь авах чухал байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас энэхүү гэмт хэргийг таслан зогсоохоор "Unfriend" арга хэмжээг эхлүүлээд явж байна. Энэ аяны хүрээнд ажиллагаа явуулахад 1200 гаруй насанд хүрээгүй охидын зургийг цуглуулсан этгээд баривчлагдаж байсан удаатай гэв.

Цахим орон зайд итгэж хохирч байгаа энэ үзэгдлийг сэтгэл зүйчид технологитой холбон тайлбарладаг ч яах аргагүй эцэг эхийн хайр халамж дутсаны шинж хэмээн үздэг аж. Тухайлбал сэтгэл зүйч М.Алтанцэцэгээс тодруулахад “Охидоо хэзээ ч хайраар дутааж болохгүй. Хүүхдээ тэвэрч, цаг гарган ярилцаж цагийг нь олсон магтаал хэлж байх ёстой. Багаасаа хайр амсаагүй, дутуугийн мэдрэмжтэй өссөн охид өөрийг нь хөөрхөн харагдаж байна гэсэн ганцхан үгэнд итгэчихдэг хууртчихдаг. Том бага гэлтгүй хүүхдээ хайрлаж тэврэх агшинд биед нь азжаргалын даавар ялгарч өөртөө итгэх итгэл нь сэргэж, дархлаа сайжирдаг нь бас нотлогдсон зүйл шүү дээ. Хайрлагдсан хүүхдүүд гэр бүлдээ нээлттэй, алдаж оносон хуваалцдаг, ярилцаж чаддаг давуу талтай. Мөн  эцэг эхчүүд хүүхдээ зөвхөн эрдэм номын мөр хөөлгөхөөс гадна хүнтэй нээлттэй харилцуулж сургах чухал байна. Зөвхөн цахим орон зайд л хүнтэй яриа үүсгэдэг. Шууд тулж харилцах чадахгүй болчихсон ч хүүхэд байна” гэсэн юм.

Яг энэ тухай саяхан болсон хурлын үеэр тархи судлалын эрдэмтэд ч “Эцэг эхийн хайр генийн түвшинд нөлөөлдөг. Тийм ч учраас амиа хорлосон хүмүүсийг судлахад ихэнх нь хайрыг мэдрээгүй өссөн байдаг. Энэ нөлөө нь насанд туршид нь сүүдрээ тусгаж байдаг” болохыг батлан өгүүлсэн юм.  Яаж ч үгүйсгэсэн ч бид гар утсаараа интернэтээр аялж дэлхий ертөнцийн бүхий л мэдээлэл авдаг болсон энэ үетэй бид хөл нийлүүлэн алхаж явна. Банкны дансаа шалгаж, мөнгөн шилжүүлэг хийх бүхий л ажил гар утсаар өрнөж байна. Гэхдээ үр хүүхдэдээ цаг зав гарган амьд харилцаа үүсгэж, өсч том болон гэрээсээ явахад цээж  дүүрэн нандин дурсамж үлдээх нь эцэг эхчүүдийн булзааж болохгүй үүрэг билээ. Тэглээ гээд гэнэтхэн хүүхдийнхээ бүх зүйлсийг нь нэгжиж, шалган хорьж цагдахдаа бус цахим сүлжээ дэх хор хөнөөлийг ойлгуулж ярилцах нь чухал байна. 

Манай улс Фэйсбүүк компаниас гаргасан “Хамрагдах интернетийн индекс-2018” судалгааны affordability буюу хэрэглээний үзүүлэлтээр Ази тивд нэгд, дэлхийд 10-т орсон гэдгийг саяхны мэдээгээр дуулгана лээ. Тэгэхээр хүүхдээ шүүмжлэх гэж байгаа ээж аав та ч гэсэн тодорхой хэмжээгээр гар утасны хамааралтай болсон гэсэн үг.

Иймээс сэтгэл зүйч нар гар утсаа тавиад охин хүүтэйгээ ярилцаж, тэднийхээ нүдийг харж гуниг баяртай эсэхийг нь харж анзаараарай, тэврээрэй гэж зөвлөж байна. Тэгээгүй цагт таны өгч чадаагүй хайр халамжийг үр хүүхэд чинь компьютер, гар утас, найз нөхдөөрөө дамжуулан дэндүү хатуу хүртдэг болохыг гэр бүл судлаачид анхааруулсаар байна.