Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил нь хүүхэд, залуучуудад бусадтай харилцаа холбоо тогтоох, нийгэмших, суралцах, мэдээлэл олж авах, тэдний амьдрал, нийгэмд нөлөөлж буй асуудлаар санал бодлоо илэрхийлэх урьд өмнө хэзээ ч байгаагүй боломжуудыг бий болгож байгаа хэдий ч хүүхдийн аюулгүй байдалд ихээхэн томоохон сорилтуудыг бий болгож байна.

НҮБ-ын Хүүхдийн сан, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүсийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “Цахим орчны хүүхэд хамгаалал 2023” Үндэсний хэлэлцүүлгийг Улаанбаатар хотод Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгууллаа.

Засгийн газар, шинжлэх ухааны, олон улсын байгууллага, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар, иргэний нийгмийн байгууллага, эцэг эх, асран хамгаалагчид, сурган хүмүүжүүлэгчид, хүүхдүүд зэрэг олон талын төлөөллийг оролцуулсан тус хэлэлцүүлэгээр Монгол Улсад цахим орчны хүүхэд хамгааллын талаар тулгарч буй асуудал, хүүхдэд тулгарч буй эрсдэлүүдийн талаар ярилцаж, зөвлөмж, шийдлүүдийг санал болгох, талуудын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьсон. Хэлэлцүүлгийн үр дүн нь цахим орчны хүүхэд хамгааллын үндэсний тогтолцооны хүрээг тодорхойлох, хууль эрх зүйн орчныг сайжруулахад хувь нэмэр оруулах юм. 

НҮБ-ын Хүүхдийн сангийн түүний түншлэгч байгууллагууд хамтран цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн Газарт цаашид дэмжлэг үзүүлэн ажиллахыг зорьж байна.


Холбоотой нийтлэл унших: Таны хүүхэд цахим орчинд юу үзэж байгааг мэдэх үү