COVID-19 цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тодорхой хэсгийг дэмжих зорилгоор Дэлхийн Банк Монгол улсад одоо хэрэгжиж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд 15 сая ам.долларын санхүүжилтийг зориулахаар болов.

Энэхүү санхүүжилт нь хувиараа  хөдөлмөр эрхлэгчид, бичил бизнес эрхлэгчид болон албан бус салбарт ажиллагсад зэрэг 120,000 орчим иргэдийг нийгмийн даатгалын шимтгэлээс таван сарын хугацаанд чөлөөлөх эх үүсвэр болно. 

Ингэснээр сайн дурын нийгмийн даатгалд даатгагдсан иргэд хямралын энэ хэцүү цаг үед шимтгэл төлөх байсан мөнгөө хэмнэж, өдөр тутмын хэрэгцээндээ зарцуулах боломж бий болно. Мөн эдгээр хүмүүсийн ирээдүйд тэтгэвэр тогтоолгох, ажилгүйдлийн болон  хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны болон бусад тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь тасалдахгүй байхад чухал ач хобогдолтой юм. Засгийн газрын шийдвэрийн дагуу сайн дурын даатгалд хамрагдсан иргэдийн хувьд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөх хувь хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох дүнгээр тооцогдоно.

Монгол Улс нь БНХАУ-ын эдийн засаг, ялангуяа худалдаа, аялал жуулчлал, гадаадын хөрөнгө оруулалттай илүү ойр, уялдаатай орны хувьд COVID-19 цар тахал эдийн засагт нь хамгийн түрүүнд нөлөөлж буй орнуудын нэг билээ. 2020 оны 1-р сарын сүүл үеэс эхлэн засгийн газрын зүгээс COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн бөгөөд эдийн засаг зогсонги байдалтай байна.  

Дэлхийн Банкны Монгол Улс хариуцсан Менежер Андрей Михнев “COVID-19" цар тахлын улмаас үүссэн хямрал нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид, бичил бизнес эрхлэгчид болон албан бус салбарт ажиллагсдад илүү хүндээр тусах магадлалтай. Тиймээс эдгээр иргэдийг нийгмийн даатгалын шимтгэлээс түр хугацаанд чөлөөлөх, хямралыг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх засгийн газрын хүчин чармайлтыг Дэлхийн Банк дэмжиж байгаа юм” гэв.

Өмнө нь COVID 19 цар тахлын нөхцөлд үед Монгол Улсад нэн даруй шаардлагатай  тусламж үзүүлэх, эрүүл мэндийн нь болзошгүй хямралд салбарын  бэлэн байдлыг хангахад  туслах зорилгоор 26.9 сая ам.долларын санхүүжилт бүхий Монгол улсын төслийг Дэлхийн Банкны Захирлуудын Зөвлөл  баталсан билээ. Мөн одоо хэрэгжиж буй Цахим эрүүл мэнд төслийн хүрээнд 2.2 сая ам.долларын санхүүжилтийг  шаардлагатай эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулахаар дахин хуваарилалт хийгээд байна.