Б.Баясгалан
06 сарын 26, 2020
УИХ-ын сонгуулийн дүнтэй холбоотой асуудлаар АН-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү "Ардчилсан нам УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн дүн, хэсгийн хороодоос гарч буй дүн, ажиглагчдын болон тухайн өдөр СЕХ-ноос дэлгэц дээр гаргасан дүн мэдээллийг нэгтгэж үзсэн. Энэ нэгтгэл маш зөрүүтэй гарч байна. Иймд АН энэ зөрүүг нэн яаралтай нягталж, шалгах Шуурхай ажлын хэсэг гарган ажиллаж буйгаа мэдэгдье.
Сонгуулийн дүн гарсны дараа аймаг бүрээс сонгогчдын төлөөлөл АН руу утасдаж, цахимаар холбогдож, "Бидний санал хаачсан бэ" гэж асууж, хэлж байна. Үүн дээр тулгуурлан шуурхай ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Эхний дүгнэлтүүд гарсан. Дүгнэлтийг хууль, хяналтын байгууллагуудад өгөхөөр бэлдэж байна. Энэ сонгуулийн үр дүнд тодорхой хэмжээний нөлөөлөл орсон гэдгийг СЕХ мэдэгдсэн. Бие даагч нарын саналын тоо яагаад таслалтай байгаа вэ гэдэгт хариулт өгч чадаагүй. 15.00 цагийн мэдээлэл дээр СЕХ функцын алдаа гарсан гэдгийг мэдэгдсэн.
Энэ асуудлаар АН өөрсдийн ажлын хэсэг болон энэ удаагийн сонгуульд өрсөлдсөн бие даагч нар, бусад намуудтай нийлж ажиллана. Эрх барьж буй МАН-ыг, иргэдийн төлөөллийг мөн урьж байна" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.