Нийгмийн сүлжээнд олон нийтийн газар бие зассан цагдаагийн бичлэг тархаж, иргэдийн бухимдлыг төрүүлээд буй. Уг асуудлаар өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү:

Цагдаагийн албан хаагч аравдугаар сарын 16-ны өдөр 16.00 цагийн үед олон нийтийн газарт бие засаж буй зурагтай мэдээлэл цахим орчинд тарсан. Уг зураг олон нийтийн сүлжээнд тавигдсан даруйд цагдаагийн байгууллагаас шуурхай шалгах ажлыг хийхэд Цагдаагийн ахлах ахлагч н.Сүхбаатар ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ олон нийтийн газарт бие засч, цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм болон Зөрчлийн хуулийг зөрчиж, цагдаагийн нийт бие бүрэлдэхүүний нэр хүндэд халдсан хэрэг гарлаа. Бид энэхүү албан хаагчийн гаргасан ёс зүйгүй үйлдэлд иргэдээсээ албан ёсоор уучлал хүсэж байна. Уг асуудлаар албан хаагч н.Сүхбаатарыг цагдаагийн байгууллагаас дутагдал гаргасан шалтгаанаар халж, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгох арга хэмжээг авсан болно.

Цагдаагийн мянга мянган албан хаагч чиг үүргээ нэр төртэйгээр хэрэгжүүлж байгаа. Цагдаагийн алба хаагч энэ мэтчилэн зөрчил гаргавал иргэд та бүхэн баримттайгаар бидэнд ирүүлж хамтран ажиллахыг хүсье. Бидэнд энэ талаар мэдээлэл ирүүлсэн иргэн талархаж байгаагаа илэрхийлж байна.