Өнгөрсөн долдугаар сарын эхээр хөгжлийн бэрхшээлтэй Б.Болор бүсгүйн нөхөр А лифтний хонгилд унаж, нас барсан тухай мэдээллийг хүргэж байсан билээ. 20 хоногийн турш эрэн хайж байсан түүний нөхөр ажлынхаа лифтэнд унаж амь насаа алдсан байсан юм. Уг асуудал хэдийгээр мөрдөн байцаалтын шатанд яваа боловч тодорхой зүйлүүд дээр буруу дүгнэлт гарч байгаа учир тэрбээр өнөөдөр хэвлэлийн хурал хийж томоохон компани албаны хүмүүсийн өмнө хүчин мөхөсдөж байгаагаа мэдэгдлээ.Иймээс энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсээс татаж, НЦГ-т шилжүүлж өгөөч гэж ЦЕГ-ын дарга Баатаржав танаас хүсэж байна гэв.

Тэрбээр уг хэрэгтэй холбоотой дараах баримтыг дэлгэлээ.

1. Миний нөхөр Б.Амгалан 2019 оны 06 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө ажлын байран дээрээсээ алга болсон. 2019 оны зургадугаар сарын 19-ны өдөр ажил дээрээ 12.00 цагийн үед уурхайд ажилладаг хамт хүнтэйгээ нэг шил пиво хувааж уусан юм билээ. Түүний дараа 14.40 цагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Пара хөнгөн атлетикийн тэргүүн н.Батдорж ажлын байран дээр нь очиж нөхрөөр минь архи авахуулж уусан. Нөхөр маань багшдаа архи авч өгөөд өөрөө бага зэрэг амссан юм билээ. Дараа нь багшийгаа таксинд суулгаад өгөөд өөрөө ажил үүргээ гүйцэтгэсэн ийм зүйл болсон. Яагаад үүнийг хэлж байна вэ гэхээр 2019 оны наймдугаар сарын 5-ны өдөр шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Тухайн үед анхаарал татсан зүйл нь нөхрийн маань цуснаас илэрсэн архины хэмжээ маш өндөр гарсан гэсэн. 2.4 поромилл буюу их хэмжээний согтолттой байсан гэсэн дүгнэлт гарчээ. Манай нөхөр архи уудаггүй учраас ийм дүгнэлт гаргасанд гомдолтой байна.

2. Бас "Хишиг арвин" ХХК-д маш их гомдож байна. Нөхрийг маань алга болсон өдрөөс хойш над руу утасдаж станцыг нь нэхсэн. Гэтэл станц нь лифтны хонгилд нөхөрт маань байсан. Яагаад ажиллаж байгаа зүйлийг залгаад мэдэж олж болоогүй юм бол

3.Наймдугаар сарын 17-ны өдөр хүртэл камерын бичлэг байхгүй, тухайн үед тог тасарсан гэж хэлж байсан. Гэтэл хавтаст хэрэгт камерын бичлэгийг зургаар тайлбар болгон оруулсан байна лээ. Камерын бичлэгийг үзсэн бол Мэргэжлийн хяналтынхан бүх асуудлыг архитай холбож гаргахгүй байсан. 

4. Лифт рүү унаж нас барсан шалтгааныг архинаас болж, хийх ёсгүй ажлаа хийсэн гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл камерын бичлэг үзэхэд эв эрүүл гүйж байсан, 5 минутын дотор хоёр байрны хооронд гүйж түлхүүр аван лифт засаж байсан. Ганц тэр өдрийн биш олон удаа хийлгэж байсан гэмээр туршлагатай хийж байсан.

5. Миний нөхөр лифтний хонгилд хэдэн ч хоног амьд байсан байж болзошгүй. Задлангийн шинжилгээгээр ходоод нь хоосон гарсан.

6.Энэ бүх хүнд явдлын дараа осол гарсан компани уучлал гуйх нь битгий хэл намайг хэл амаар доромжилж ирлээ. Над руу залгаад "Танай нөхөр чинь архи уудаг биз дээ", "Өөр хүүхэн дээр очоо байлгүй" гэж хэлж байсан. Нас барсан гэдгийг мэдсэний дараа компанийн төлөөлөл ирэх болгондоо өөр зүйл ярьсан. Тэр бүхнийг ч би баталгаажуулж авсан.

7.Цагдаа тухайн компанийн талд ажиллаад байгааг би мэдсэн.Тийм учраас энэ хэргийг мөрдөж байгаа цагдаад итгэхгүй байгаа учраас хэргийг нийслэл рүү шилжүүлэхийг хүсэж байна.

8. "Хишиг арвин" ХХК-ийн ээлжийн ахлагч Бадамдорж гэж хүн миний нөхрийн гар утсыг олон хоног ашигласан. Миний нөхөр хоёр гар утастай явдаг. Нэг утас нь өөрт нь, нэг самсунг-ийн утас нь ажил дээрээ байсныг ээлжийн ахлагч нь олон хоног ашигласан нь анхаарал татаж байна. Ямар зорилгоор ашиглав?