Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, БСШУСЯ хамтран “Ахмад багшийн хүндэтгэлийн дурсамж, уулзалт” арга хэмжээг Олон улсын багш нарын болон Монголын багш нарын өдрийг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Тав дахь жилдээ болсон уг арга хэмжээнд манай улсын аймаг, сум бүрээс төлөөлөн болон 1000 багш хүрэлцэн ирсэн байна.

Арга хэмжээний нээлтэд Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээМонголчууд бид дээд гурван эрдэнийнхээ тэргүүнийг Багш, Ном, Эцэг эх,хэмээн дээдэлдэг. Бид зөвхөн багш нараа л нийтэд нь ардын багш хэмээн эрхэмлэдэг. Багш та бүхний хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэл бол ёс суртахууныг төлөвшүүлэх монгол хүний хамгийн том баялаг. Ёс суртахуунгүйгээр төрийн алба урагшлахгүй, ёс суртахуунгүйгээр ямар ч хууль хэрэгжихгүй. Тиймээс та бүхний маань хүүхдүүдэд суулгаж өгсөн ёс суртахууны үр үндсийг таслахгүй ургуулах нь манай боловсролын салбарын хамгийн том зорилт байх ёстой” гэж онцлов.

Тэрбээр мөн “Өнгөрсөн хаврын ээлжит чуулганаар парламент Багшийн хөгжлийн тухай хуулийг баталсан. Энэхүү хуулинд багшийн ажлын үр дүнд суурилсан цалин хөлсний тогтолцоог бий болгох, багшийн хөгжлийг дэмжих сан байгуулах, багшийн ажлын ачааллыг багасгах, багшийг хөгжих боломжоор хангах, багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн олон зүйл заалтыг тусгаж өгсөн” хэмээн тэмдэглэсэн юм.


Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, БСШУС-ын сайд Ц.ЦогзолмааНийгэм бүхлээрээ эерэг, сайн өөрчлөлтийг хүсэж, хүлээж байна. Энэ өөрчлөлтийг авчрах хамгийн гол хүмүүс нь багш нар. Хүүхдийг бага наснаас нь, залуучуудыг оюутан байхад нь нийгэмдээ ямар оролцоотой хүн болгож төлөвшүүлэх нь багшийн ажлаас ихээхэн шалтгаална.

Сайн багшаас сайн шавь төрдөг. Тиймээс ахмад багш нар нь залуу багш нараа халамжлан хүмүүжүүлэх ажлыг салбарын яам Ахмад багш нарын холбоотой хамтран хийнэ. Туршлага гэдэг нэг өдөр бий болдоггүй. Насаараа ажиллаж байж бий болгосон тэр үнэт зүйлээ залуу үедээ өвлүүлэх нь боловсролын салбарын нэг зорилт байх юм” гэж тэмдэглэлээ.

Энэхүү дурсамж, уулзалтын үеэр шавь нар нь багшдаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болов.



Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс