БНАСАУ-тай хийж буй яриа хэлэлцээнд ахиц дэвшил гарч байна хэмээн АНУ-ын засаг захиргаа үзэж байгаа хэдий ч Умард Солонгосын эрх баригчдын эсрэг хориг арга хэмжээний горимыг зөөлрүүлэх бодолгүй байна гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Япон болон Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд нартай хийсэн гурван талын яриа хэлэлцээний дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр цохон тэмдэглэжээ.

“Умард Солонгосын талтай бид үр бүтээлтэй яриа хэлэлцээ өрнүүлсээр байгаа ба цаашид ч үргэлжлүүлнэ. Умард Солонгос цөмийн зэвсгээсээ бүрэн ангижрах бодолтой байгагаа дахин нотоллоо. Тус улсын цөмийн зэвсгийн нөөцийг шалгах бүрэн боломжтой байдлаар бүрэн устгахад чиглэсэн дараагийн алхмуудын талаар бид тогтож ярилаа” гэж Помпео БНАСАУ-д хийсэн яриа хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэхдээ онцолсон байна.

Түүний мэдээлснээр, “Пуужингийн хөдөлгүүрүүдийн туршилт явуулдаг сургуулилтын талбайгаа устгах талаар өмнө нь хүлээсэн үүрэг нь хүчин төгөлдөр хэвээр байгааг Умард Солонгосын эрх баригчид мөн нотолсон” ажээ.