ЛОНДОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай Вьетнамын нийслэл Ханой хотод дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ түүнд цөмийн зэвсэг болон түлшийг АНУ-д шилжүүлэхийг уриалсан баримт бичиг дамжуулан өгсөн байна.  

Эх сурвалжийн мэдээлснээр, Д.Трамп солонгос болон англи хэлээр бичсэн баримт бичгийг Ханой хот дахь "Метрополь" зочид буудалд Ким Жөн Унд дамжуулан өгчээ. 

Баримт бичгийн англи хэлээрх хувилбарт БНАСАУ-ын цөмийн дэд бүтцийг бүрэн буулгах, биологийн болон химийн зэвсэг бүтээх хөтөлбөр болон бүх баллистик пуужин, хөөргөлтийн төхөөрөмжүүд түүнтэй холбоотой объектуудыг устгахыг уриалсан байжээ. Түүнчлэн цөмийн хөтөлбөрийн асуудлаарх бүх талыг хамарсан тунхаг гаргах, цөмийн дэд бүтцийн объектуудыг барихаа зогсоох, АНУ-ын хяналтын шинжээчид, олон улсын мэргэжилтнүүдийг нэвтрүүлэхийг шаардсан байжээ. 

БНАСАУ, АНУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалт өнгөрсөн 2 дугаар сраын 27-28-нд Ханой хотод болсон юм. Хоёр улсын удирдагчдын яриа хэлэлцээ ямар ч баримт бичигт гарын үсэг зуралгүйгээр өндөрлөсөн юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг