Цусны бөөгнөрөл үүсгэж байж магадгүй гэсэн үндэслэлээр коронавирусийн эсрэг АстраЗенека вакциныг иргэддээ хийхийг зарим улс түр зогсоожээ.

Энэ талаар Эрүүл мэндийн яамны Хэвлэл мэдээллийн ажилтан Б.Ууганбаяр "Европын холбооны зарим улсад АстраЗенека вакциныг хийхийг түр зогсоолоо гэсэн мэдээллүүд гарч байна. Үүнтэй холбоотойгоор манай улсын Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийн эрдэмтэд судалгааны ажлуудыг эхлүүлээд байна.Тиймээс энэ талаарх албан ёсны мэдээллийг удахгүй хүргэнэ. 

Одоогийн байдлаар авсан мэдээллээр Европын 8 улсад АстраЗенека вакциныг хийхийг түр хойшлуулсан. Энэ нь бүрмөсөн хориглосон гэсэн үг биш. Дээрх орнууд цусны бөөгнөрөл үүсэж буй шалтгааныг тогтоох үүднээс түр хойшлуулсан байна.

Мөн ДЭМБ-аас шалтгааныг тогтоох Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна гэсэн мэдээллийг ирүүлсэн" хэмээлээ.

Манай улсын хувьд хоёрдугаар сарын 23-наас АстраЗенека вакциныг иргэддээ хийж эхэлсэн бөгөөд нийт 69 мянган хүн уг вакциныг хийлгэжээ. Өнөөдрийн байдлаар вакцинжуулалт хэвийн үргэлжилж байна.

Вакцин хийлгэсэн хүмүүсийн 40 гаруй хувьд нь тарьсан газар нь хөндүүрлэх, толгой өвдөх, жихүүдэс хүрэх зэрэг хөнгөн хариу урвал илэрсэн гэдгийг холбогдох албаныхан хэллээ.