ХААН банк сан, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг 2017 оноос хойш тасралтгүй хэрэгжүүлж байна. 

Өнгөрсөн 2023 онд Дундговь, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Дархан-Уул аймгуудад аяны үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, дээрх орон нутгуудад нийт 21560 гаруй иргэнийг үзлэг оношилгоо эрт илрүүлэгт хамруулсан юм. 

Аяны хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх, мэдрэл, бөөр, хоол боловвсруулах чиглэлийн төрөлжсөн мэргэшлийн эмч нарын баг бүрэлдэхүүн 7289 иргэнд төрөлжсөн мэргэшлийн үзлэг хийжээ.

Мөн 2617 хүнд нарийвчилсан оношилгоо хийж, зайлшгүй шалтгаанаар Улаанбаатар хот руу явж эмчлүүлэх шаардлагатай 91 хүнд газар дээр нь төрөлжсөн мэргэшлийн тусламжийг үзүүлэн орон нутагт нь эрүүл мэндийн асуудлыг нь шийдвэрлэж ажилласан билээ. 

Цусны даралтын эсрэг аяны үйл ажиллагааг 2024 онд  Говь-сүмбэр, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад хэрэгжүүлэхээр аяны оролцогч талууд хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үзэг зурлаа.