Буяндэлгэрийн Мөнхчимэг
08 сарын 21, 2024
Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилготой "Цусны даралт ихсэлтийн эсрэг аян" энэ жил Монгол орны зүүн бүсийн аймгуудад амжилттай өрнөж, олон мянган иргэний амь насыг эрсдэлээс хамгаалж байна. Тус аян өнгөрсөн 7-р сарын сүүлээр Дорнод, Сүхбаатар аймгуудад амжилттай хэрэгжиж, хоёр аймгийн 2174 иргэнийг нарийн мэргэжлийн үзлэгт, 7026 иргэнийг эрт илрүүлэгт хамруулан, эрүүл мэндийн мэдээлэл олгосон билээ. Тэгвэл аяны багийнхан энэ долоо хоногт буюу 8-р сарын 19, 20-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хотод ажиллаж байна.
Орон нутгийн иргэд үзлэгт хүрэлцэн ирснээр эрүүл мэндийн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө авах боломжтой. Тодруулбал, зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины цус харвалт, бөөр болон хоол боловсруулах замын эмгэг зэрэг өвчнүүдийн нарийн мэргэжлийн үзлэгт хамрагдах боломжтой. Мөн эрүүл мэндийн сургалт, зөвлөгөө өгөх юм.
Хэнтий аймгийн хувьд цусны даралт ихсэлт нь зонхилох өвчнүүдийн нэг тул иргэдийн дунд энэ төрлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт идэвхтэй хамрагдах нь зайлшгүй шаардлагатай байгаа юм.
"Цусны даралт ихсэлтийн эсрэг аян"-ыг ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран хэрэгжүүлдэг бөгөөд 8 жилийн хугацаанд 19 аймгийн 50,000 гаруй иргэнийг үзлэг оношилгоонд хамруулж, урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгөөд байна. Энэ удаад аян Хэнтий, Говьсүмбэр аймагт амжилттай хэрэгжсэнээр, тус аян нь Монгол Улсын бүх аймгийн иргэдэд хүрч ажиллана гэсэн зорилгодоо хүрэх юм.
Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь өвчнийг эрт илрүүлж, хүндрэлээс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга зам гэдгийг эмч нар онцолдог. Иймд өөрийн болон дотнын хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалахын тулд үзлэг оношилгоонд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.