Буяндэлгэрийн Мөнхчимэг
10 сарын 23, 2025
“Монгол бол сэтгэл татам орон билээ. Эцэс төгсгөлгүй тал нутаг, алсад одох нүүдэлчид, омголон догшин адуун сүрэг, онгон зэрлэг үзэсгэлэнт байгаль...
Эдгээр дүр зургийн зэрэгцээ эзэн Чингис хааныхаа үед байлдан дагуулалтаараа Европ хүртэл давшсан, ялагдашгүй, аймшигт "зэрлэг дайчдаар"-аа бидэнд ихэвчлэн төсөөлөгддөг. Гэхдээ эдгээр хэвшмэл ойлголт үнэн үү? Энэ улсын талаар бид үнэхээр юу мэддэг вэ?
Тэгвэл Швейцарь улсад болох Монголын тухай анхны үзэсгэлэн энэ домог, төсөөллийг цоо шинээр нээж гайхалтай дүрслэн үзүүлж байна” хэмээн Швейцарь улсын аялал жуулчлалын албан ёсны, хамгийн олон хэрэглэгчтэй цахим мэдээллийн www.myswitzerland.com бичжээ.
Өнөөдөр Швейцарын Холбооны Улсын Цюрих хот дахь Рийтберг музейд орон нутгийн цагаар 18.00 цагаас нээлтээ хийх “Монгол орон: Цаг хугацааны аялал” үзэсгэлэнгийн талаар ийнхүү Европын хэвлэл мэдээллээр бичсээр байна.
Тухайлбал Италийн Милан хотоос үйл ажиллагаагаа явуулдаг соёл, урлагийн мэдээллийн томоохон онлайн платформ болох Zero.eu сайтад мэдээлснээр энэхүү үзэсгэлэнд Монголын томоохон музейнүүдээс хамгийн сүүлийн үеийн, археологийн судалгааны гайхалтай олдворууд зэрэг 200 гаруй бүтээлийг авчирсан байна. Эдгээрийн ихэнх нь хилийн чанадад анх удаа нийтийн хүртээл болох ажээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд Цюрих хотын дарга Corine Mauch тэргүүтэй Төрийн өндөр албан тушаалтнууд оролцох бол Монголын талаас Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун тэргүүтэй эрдэмтэн, судлаачид оролцоно.

Цюрих хот дахь Рийтберг музей болон Чингис хаан Үндэсний музей хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд зохион байгуулж буй музейн үзэсгэлэнд Чингис хаан Үндэсний музей 126, Хархорум музей 70, ШУА-ийн Археологийн хүрээлэн 38 39 нийт 162 дэсийн 235 ширхэг үзмэр дэглэн харуулна. 
Музейн орчинд өрнөж буй сүүлийн үеийн мэдээллийг түгээдэг Германы хамгийн том цахим мэдээллийн хэрэгсэл болох www.museen.de сайт үзэсгэлэнг онцолж 2-14-р зууны хооронд Монголын тал нутагт баригдсан томоохон хот суурин газрын өвөрмөц, өмнө нь харж байгаагүй соёлыг шимтэн үзэхийг жуулчдад уриалсаар байна. Тус сайтад Монголчуудын уламжлалт ахуй нь Евроазийн өнцөг булан бүрээс ирсэн худалдаачид, гар урчуудын амьдралын хэв маягтай нягт уялдаатай байсныг дурдаад Хойд Азийн тал нутаг нь Европ, Зүүн Азийн хоорондох эртний соёлын бүс нутаг болсныг үзэсгэлэнгийн онцлогт тусган сонирхолтой байдлаар тайлбарлажээ.
Рийтберг музей нь 1952 онд байгуулагдсан Швейцар Улсын хамгийн том урлагийн музейн бөгөөд Ази, Африк, Америк, далай тэнгис дэх улсуудын уламжлалт болон орчин үеийн урлаг, соёл өвийн цуглуулгатай.
“Монгол орон: Цаг хугацааны аялал” үзэсгэлэн тус музейд өнөөдрөөс ирэх оны хоёрдугаар сарын 22 хүртэл нийтийн хүртээл болох бөгөөд Хар хорум музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран оролцож байна.

Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.