Өсвөр үеийн хүүхдүүд жингээ хасах, нэмэх, булчинлаг болохын тулд эм бэлдмэл ихээр хэрэглэснээр эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол нэмэгджээ.

Энэ насны хүүхдүүд биеийн галбираа өөрчлөхийн тулд ихэвчлэн эм бэлдмэл, витамин хэрэглэдгийг судалгаагаар тогтоосон байна.

Тухайлбал, 2019 оны судалгаагаар дээрх төрлийн эм бэлдмэл хэтрүүлэн хэрэглэсэн өсвөр насны 977 хүүхэд бүртгэгджээ. Тэд эмнэлгийн яаралтай тусламж авч, хэвтэн эмчлүүлсэн бөгөөд тэдний заримынх нь биеийн байдал хүндэрч, амь насаараа хохирох тохиолдол ч гарсан байна.

Өсвөр насны хүүхдүүд аливаа зүйлд сониуч, автамхай байдаг. Тиймээс сонирхож хэрэглэсэн бага хэмжээний эм, бэлдмэл ч тухайн хүүхдийн биед их, бага хэмжээгээр нөлөөлж болдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. 

Жин хасах, энерги нөхөх, булчингийн масс нэмэгдүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг эмчийн зааваргүй, хэтрүүлэн хэрэглэх нь суулгалт, шингэний дутагдал, зүрхний хэмнэл алдагдах, багтрах, зүрх судасны эмгэг, бөөр болон элэг гэмтээх зэрэг маш олон эрсдлийг дагуулдаг.