Германы шигшээ багаас гарлаа гэж хөл бөмбөгийн од Месут Озил мэдэгдсэний дараа түүнийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, байж боломжгүй үйлдэл гаргаж байна гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган шүүмжиллээ.

Озил байгаа бүхнээ Германы шигшээ багт зориулсан бөгөөд түүнийг болон түүний шашны итгэл үнэмшлийг чиглэсэн ялгаварлах хандлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тэрбээр мэдэгдээд, Озилтэй утсаар ярьсан тухайгаа дурдсан байна.

Өнгөрсөн тавдугаар сард Озил Эрдогантай хамт зургаа авахуулсны улмаас түүнийг шүүмжлэх хүмүүсийн тоо нэмэгдсэн байна. Харин Озил энэ тухай тайлбар өгөхдөө, ОХУ-д болсон ДАШТ-ий хэсгийн шатнаас хасагдах үед намайг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах хандлага гарсан гэж хэлжээ.

Дөрвөн жилийн өмнө Германы шигшээ баг хөл бөмбөгийн ДАШТ-ээс алтан медаль авах үед Озил тус багийн гол тоглогчдын нэг байсан юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг