Тусгай хамгаалалттай газрын менежментийг бэхжүүлэх хурдасгуур хөтөлбөр эхэллээ

Peak.mn
05 сарын 22, 2026

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Дэ Нэйче Консерванси (TNC), Монголын Байгалийн Өв Сан хамтран тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) менежментийг бэхжүүлэх “ТХГН-ийн хурдасгуур” цогц хөтөлбөрийг албан ёсоор эхлүүллээ.

Хөтөлбөрийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадын менежмент, урт хугацааны тогтвортой санхүүжилт, техникийн чадавхыг сайжруулахад нийт 16.5 тэрбум хүртэлх төгрөгийн грантын санхүүжилт олгох бөгөөд нэг захиргаа 500 саяаас 3 тэрбум хүртэлх төгрөгийн дэмжлэг авах боломжтой юм.

“ТХГН-ийн хурдасгуур” нь зөвхөн санхүүжилт олгохоос гадна техникийн туслалцаа, менежментийн зөвлөх үйлчилгээ, чадавх бэхжүүлэх сургалт, захиргаад хоорондын туршлага солилцоо зэрэг шаталсан цогц дэмжлэг үзүүлэхээрээ онцлогтой.

Хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Эхний шат болох “Бэлэн байдлын хурдасгуур” нь зургаан сар хүртэл үргэлжилж, хамгаалалтын захиргаадын суурь чадавх, менежментийн төлөвлөлт, дотоод зохион байгуулалтыг сайжруулахад чиглэнэ. Харин хоёрдугаар шат болох “Менежмент сайжруулах хурдасгуур” нь 2-4 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд байгаль хамгаалал, тогтвортой аялал жуулчлал, санхүүгийн тогтвортой байдал, орлогын эх үүсвэр, нутгийн иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх төслүүдийг дэмжих аж.

Монголын Байгалийн Өв Сангийн мэдээлснээр уг хөтөлбөрт хамрагдах боломжтой 40 хамгаалалтын захиргаанаас 36 нь өргөдөл ирүүлсэн нь хамгааллын салбарт урт хугацааны дэмжлэг, санхүүжилтийн хэрэгцээ өндөр байгааг харуулжээ. Сонгон шалгаруулалтыг төр, мэргэжлийн болон түнш байгууллагын төлөөлөл бүхий долоон шинжээчээс бүрдсэн хараат бус хороо хийж, Монголын Байгалийн Өв Сангийн Удирдах зөвлөлөөр баталсан байна.

Эхний шатанд нийт 15 хамгаалалтын захиргаа шалгарсан бөгөөд эдгээр нь Монгол орны экологийн бүс бүслүүрийн төлөөллийг бүрэн хамарч, улсын нийт тусгай хамгаалалттай талбайн 40 гаруй хувийг хариуцан хамгаалж байгаа юм. Мөн Монгол Улсад ажиллаж буй 800 орчим байгаль хамгаалагчийн тал орчим хувь нь энэ хүрээнд хамрагдах боломж бүрдэж буйг онцолжээ.

Хөтөлбөрт хамрагдсан хамгаалалтын захиргаад цаашид Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ын Ногоон жагсаалт (Green List), Менежментийн үр ашигтай байдлыг үнэлэх (METT) аргачлалд тулгуурлан жил бүр менежментийн үнэлгээ хийхээс гадна манлайлал, тогтвортой аялал жуулчлал, газар зохион байгуулалт зэрэг чиглэлээр сургалтад хамрагдах юм. Үүнээс гадна олон улсын туршлага судлах аялал, хамгаалалтын захиргаад хоорондын туршлага солилцох уулзалт, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Нээлтийн үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж буй энэ үед үр дүнд суурилсан менежмент, тогтвортой санхүүжилт, хамтын менежментийн шинэ арга барилыг бодит түвшинд туршиж, жишиг болгон хөгжүүлэхэд энэхүү хөтөлбөр чухал ач холбогдолтойг онцолсон юм.

Монголын Байгалийн Өв Сангийн Удирдах зөвлөлийн дарга М.Болдоо “ТХГН-ийн урт хугацааны тогтвортой менежментийг бий болгоход төр, орон нутаг, нутгийн иргэд, хувийн хэвшил болон олон улсын түншүүдийн хамтын ажиллагаа хамгийн чухал” хэмээн мэдэгдэв.

Шалгарсан 15 хамгаалалтын захиргаа:

  1. Ачит нуур-Дэвэлийн арлын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа
  2. Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа
  3. Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа
  4. Зэд хантай бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа
  5. Их нартын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа
  6. Монгол Алтай нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа
  7. Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа
  8. Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа
  9. Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа
  10. Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа
  11. Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа
  12. Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа
  13. Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа
  14. Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа
  15. Хурх хүйтний хөндийн байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.