Тусгай хамгаалалттай газар нутгийн зөвлөх, ШУ-ны доктор Б.Оюунгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр мэргэжлээрээ 30 гаруй жил ажилласан туршлагатай судлаач юм. Энэ удаа бид тусгай хамгаалалтай газрын талаарх ойлголт, тусгай хамгаалалттай газруудад тогтвортой санхүүжилт яагаад чухал болох талаар ярилцлаа. Сонирхуулахад манай улс нийт газар нутгийнхаа 21 хувийг тусгай хамгаалалтад авсан бөгөөд цаашид 30 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа юм. 

Хан Хэнтийн тусгай хамгаалалтад авах гэж 45 хоногийн турш тайгаар морьтой явсан

Би 1985 онд ОХУ-ын Эрхүү хотод тусгай хамгаалалттай газар нутгийн мэргэжлээр дүүргэсэн юм. Төгсөж ирсэн зунаа л ШУА-ын Газар зүйн хүрээлэнд ажилд орж байлаа. Тэр зуны турш Монгол Улсынхаа сайхан газар нутгуудаар явж ажилласнаа мартдаггүй.

Тэр үед тусгай хамгаалалттай газар нутаг, байгалийн нөөц газар гэж хоёр л ангилалтай байв.

Үүнийг олон улсын жишигт нийцүүлж шинэ ангилалтай болгох, тусгай хамгаалалттай газрын хууль дүрэм, үндэсний  хөтөлбөр батлуулах, сүлжээ бүрдүүлэх, нэгэнт тусгай хамгаалалтад авсан газрынхаа менежментийг нь хэрхэн хийх вэ зэрэг олон ажлын ард хамт олонтойгоо гарсан. 

Бичлэг үзэх:

Газар нутгийг тусгай хамгаалалтад авна гэдэг газрын нэр хэлээд л батлагдчихдаг амар ажил биш. Тухайн газар бүрт нь очиж хэмжилт хийнэ, тусгай хамгаалалтад авах үндэслэлийг нь боловсруулна гээд нүсэр ажил орно. Тэр үед одоогийнх нь шиг нарийвчлалтай программ байсангүй, газрын зураг дээр хэмжилтээ хийгээд бараг л 100 мянганы зурганы дөрвөлжин тоолоод талбайгаа бодож байлаа.

Тэр дундаас ганцхан түүхээс товчхон дурдъя.

Монголчуудын сүсэг бишрэл гүн шингэсэн Бурхан Халдун орчим буюу Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүсийг тогтоох гэж тавуулаа хөвч тайга дундуур 45 хоногийн турш морьтой хүртэл явж байлаа. Манай улсын тайгын эко системийг тэр чигээр нь хамгаалсан том газар шүү дээ. Энэ мэтээр сараар, хэдэн сараар хонон өнжин хөдөө гадаа ажилладаг байв.

Бурхан Халдун, Гэрэл зургийн эх сурвалж:https://travel.khentii.gov.mn/
 

Газар нутгийг тусгай хамгаалалтад авах нь байгаль хамгааллын хамгийн дээд хэлбэр юм

Надаас байгаль хамгаалах хамгийн сайн шийдэл юу вэ гэж асуувал газар нутгийг нь тусгай хамгаалалтад авах л гэж хариулна.

Тусгай хамгаалтад авсан, хамгаалаагүй зөнгөөр нь орхисон газар хоёрын хооронд асар их зөрүү харагддаг. Тэр нь жил ирэх тусам мэдрэгдэнэ, нүдэн дээр л харагдана. 

Хамгаалагдсан газруудын байгаль хэрхэн унаган төрхөөрөө хадгалагдаж, ургамал амьтан нь хэр их өсөж тоо толгой нь нэмэгддэг гэдгийг нутгийн иргэд маш сайн мэднэ. Яагаад гэвэл газар нутгийг тусгай хамгаалалтад авч хамгаалаад орхиогүй цаана менежмент ажиллаж байгаа учраас тэр шүү дээ.

Яг үнэндээ эргээд харахад  тусгай хамгаалалтад авсан газрууд л үлдэж.  Хэрвээ анхаараагүй бол тусгай лиценз, алт хөтөлбөрийн хөлд үрэгдээд өнгөрөх байжээ.


Тусгай хамгаалалтад аваагүй газар нутагт ашигт малтмалын лиценз ихээр олгогдсон, бэлчээр нутаг нь цөлжиж хуурайшсан байдалтай л угтахыг хараад халагламаар…

Бөөн цагаан нуур бол яг л үүний бодит жишээ юм. Намайг 1985 онд очиход хулс зэгс дүүрэн, заган шугуйтай үзэсгэлэнтэй газар байв. Бид олон жил энэ нуурыг улсын тусгай хамгаалалтад авах гэж хөөцөлдсөн ч Баянхонгор аймгийн зүгээс тогтоол шийдвэр гаргаагүй өдийг хүрчээ.

Бөөн цагаан нуур, Гэрэл зургийн эх сурвалж: http://tour.bkh.gov.mn/
 

 Цагтаа Төв Азийн экосистемд чухал үүрэг гүйцэтгэж байсан энэ нуурын талбай багасчихсан, маш их бохирдсон, зарим хэсэг нь хатаж ширгэж экологийн доройтолд оржээ. Хэрвээ тэр үед хамгаалалтад оруулаад менежментийг нь зөв явуулж чадсан бол тэр л хэвээрээ үзэсгэлэнтэй сайхнаараа л үлдэх байлаа.

Тусгай хамгаалалт, зохистой ашиглалт хоёр зэрэг яригддаг

Манайхан газрыг тусгай хамгаалалтад аваад л хүн, малын алийг нь ч оруулахгүй хашчихна гэж ойлгодог. Ерөөсөө хамгаална гэдэг тодорхой хэмжээний газар нутгийг зохистой ашиглах тухай л асуудал яригддаг. 

Хамгийн хатуу тусгай хамгаалалттай газарт үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэх, огтлох, ургамал түүх, амьтан агнах, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхийг хориглодог. 

Үнэндээ малчид тусгай хамгаалалттай газарт уламжлалт мал аж ахуйгаа эрхлэн аж төрсөөр л яваа. Тэрхүү газрын 80 хувь нь малын бэлчээр, үлдсэн 20 хувь нь цэнгэг ус, гол мөрний урсац бүрэлдэх эх, ховор амьтдын тархац нутаг байдаг. 

Мөн аялал жуулчлалын салбар нь байгалийн цогцолборт газрууд, дархан газрууд болон бусад бүх тусгай хамгаалалттай газруудыг түшиглэн үйл ажиллагаагаа явуулж, иргэд нь үр шимийг нь хүртэж л байгаа.

Харин ундны усны бүх эх үүсвэрийг тусгай хамгаалалттай газар нутагт хамгаалдаг бөгөөд гагцхүү уул уурхай, аж ахуйн зориулалттай үйл ажиллагааг л хориглодог.


The Nature Conservancy (TNC) байгууллагын ачаар…

Манай улс нийт газар нутгийнхаа 21 хувийг тусгай хамгаалалтад авсан цаашид 30 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа.

Тусгай хамгаалалттай газар гэдэг зүгээр л зарлаад орхидог ажил биш. Ард нь судалгаа шинжилгээ, байгаль хамгаалал, нөхөн сэргээлт, биотехникийн хамгаалал зэргийг тасралтгүй хийж байх ёстой юм. Гэвч хангалттай санхүүжилтгүй учраас орхигддог. 

Улсаас боломжоороо мөнгө төсөвлөдөг ч судалгаа шинжилгээ, байгаль хамгаалагчийн цалин хөлс, хувцас хэрэглэлд мөнгө нь огт хүрдэггүй.

Газар нутгийг тусгай хамгаалалтад авах талаар ойлголт тийм ч сайнгүй үед Дэлхийн байгаль хамгаалах сан гэж байгууллага анхны газар нутгийг хамгаалалтад авахад санхүүгийн хувьд маш их дэм тус болж байлаа. 

Харин өдгөөThe Nature Conservancy (TNC) байгууллагаас энэ ажилд маш том дэмжлэг үзүүлж байгаль хамгааллын байнгын санхүүжилтыг бий болгохоор ажилладагт гүнээ талархал илэрхийлмээр байна. 

Жаргалант хайрхан, Гэрэл зургийн эх сурвалж: TNC Mongolia

Байгаль хамгаалахад хамгийн их дутагдаж байгаа чухал зүйл болох санхүүжилт дээр тусалсны хүчинд л газар нутаг, амьтан ургамал тогтвортой хамгаалагдана. Энэ бол монголчууд бүгдээрээ талархах ёстой үнэлж баршгүй үнэ цэнтэй ажлын эхлэл.

The Nature Conservancy (TNC) нь дэлхийн 70 гаруй улс оронд байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллага юм. 

Маш олон чиглэлээр үр дүнтэй ажилладаг, тухайлбал газар нутгийг тусгай хамгаалалтад авах, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх чиглэлд маш үр дүнтэй ажиллаж байна.

The Nature Conservancy (TNC) байгууллагын хамгийн том ажлын нэг бол Монгол орны экологийн бүс нутгийн үнэлгээг гаргасан явдал юм. Ийнхүү үнэлгээ хийснээр Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд экологийн хувьд чухал ач холбогдолтой газруудыг тодорхойлж, уул уурхай, түүнийг дагасан дэд бүтцийн хөгжлийг байгаль хамгаалах асуудалтай зохистой уялдуулж төлөвлөхөд шаардлагатай үндэсний хэмжээний нэгдсэн мэдээллийн сан бүрдсэн юм.

Мөн сүүлийн жилүүдэд орон нутгийн тусгай хамгаалалтын газрыг иргэд нь өөрсдөө хамгаалж хамгаалсныхаа хишгийг хүртэх жишиг бий болсон. Тухайлбал Увс, Хөвсгөлд маш амжилттай хэрэгжиж байна.

Бид энэ сайхан газар нутгийг зөв сайхнаар нь авч үлдвэл эцсийн эцэст үр хойчид минь л үлдэнэ шүү дээ. Тийм учраас эх байгальдаа ээлтэй хандаж, газар нутгаа хамгаалахад иргэн бүрийн оролцоо чухал.

Уншигч танд мэдээлэл олгох үүднээс дараах ойлголтыг тайлбарлая.

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дархан цаазат, байгалийн цогцолборт, байгалийн нөөц газар болон байгалийн дурсгалт газар хэмээн ангилдаг

Тусгай хамгаалалттай газар нутаг: 

Энэ бол хамгийн энгийнээр байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, ховор, ховордсон ургамал, амьтны нөөцийг нөхөн  сэргээх, хамгаалах зорилготой юм. Мөн түүх,соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, хувьсч өөрчлөгдөх зүй тогтлыг судлах, танин мэдэх зорилготой.

Хамгийн хатуу ангилал нь дархан цаазтай газар юм.

Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинж унаган төрхөө хадгалсан, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дархан цаазат газар гэдэг.

Манай улс 22 Дархан цаазат газартай.

Эдгээрийн хамгийн тод жишээ нь Монгол Улсын төдийгүй дэлхийн ууган дархан цаазтай газар бол Богд Хан уул юм шүү дээ. Та бүхний аялдаг Увс нуурын ай сав газар, Нөмрөг, Говийн их дархан цаазат газар, Говийн бага дархан цаазат газар, Монгол дагуур, Дорнод монгол зэрэг газрууд бий.

Байгалийн цогцолбор газар:

Байгалийг унаган төрхөөр нь хадгалах,  аялал жуулчлал, түүх, соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхүй, экологийн хүмүүжилд ач холбогдолтой газар нутгуудыг хамруулдаг. Бидний сайн мэдэх Горхи - Тэрэлжийн Байгалийн цогцолборт газар, Говь гурван сайханы Байгалийн цогцолборт газар, Хөвсгөлийн Байгалийн цогцолборт газрууд гээд 37 газар бий.

Сүүлийн жилүүдэд эдгээр газруудыг дагаж аялал жуулчлал хурдацтай хөгжсөн.

Горхи - Тэрэлжийн Байгалийн цогцолборт газар

Байгалийн нөөц газар гэж юу вэ:

Нэрнээсээ л ойлгомжтой санагдаж байгаа биз.  Байгалийн тодорхой нөөцүүдийг нөхөн сэргээх зорилгоор хамгаалтад авдаг. Доройтсон газар, эх ундарга нь багассан нуур усыг ширгээх, ой мод ургамлын нөөцийг дахин сэргээхэд чиглэсэн газар юм.

Тост, Тосон Бумбын нуруу, Лхачинвандад уул, Батхан уул гээд улсын хэмжээнд 19 байгалийн нөөц газар байдаг бөгөөд тэдгээр нь нийт газар нутгийн 1,28 хувийг эзэлдэг.

Байгалийн дурсгалт газар:

Байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын ул мөрийг уламжлагдан хадгалагдсан байгалийн байдлаар нь өвлөн үлдээх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг байгалийн дурсгалт газар гэнэ.

Дотроо 2 ангилагддаг.

1. Байгалийн дурсгалт газар. Өвөрмөц тогтоц, илэрц бүхий газар, хүрхрээ, хясаа, хавцал, агуй, хад цохио, явар, цонж, төгөл мод, рашаан булаг, баянбүрд, элсэн манхан, солир, солирын цар, өрх, галт уулын тогоо зэргийг хамруулна.

2. Түүх, соёлын дурсгалт газар. Эртний хүний оромж, отог бууц, агуй, сүг зураг, хадны бичээс, буган ба хүн чулуун хөшөө, булш, бунхан, эртний хот суурины үлдэгдэл, балгас, хэрэм, цайз, суваг шуудуу, далан, эртний зэр зэвсэг хийж байсан орд, уламжлалт зан үйлтэй холбоотой уул, овоо, тахилга бүхий болон чухал үйл явдал болсон газар зэргийг хамруулна.

Монгол Улс гаднаас түрж орж ирсэн олон байгалийн мужуудын зааг дээр оршдог. Тэр газрууд нь хамгийн үзэсгэлэнтэй, экологийн хувьд ч эмзэг. Тэнд бид чухал газруудаа авч тусгай хамгаалалтад авч чадсан. 

Монгол Улсын тусгай хамгаалалттай газрууд дэлхийн өв, шувуудад чухал газар, шим мандлын нөөц гээд олон улсын чухал сүлжээнд холбогдсон байдаг. Үүнээс хамгийн олон статусыг авч чадсан газар хоёрхон байдгийн нэг нь баруун талд орших Увс нуурын ай сав, зүүн талд орших Монгол Дагуур юм.

Үүрэг нуур, Гэрэл зургийн эх сурвалж: TNC Mongolia