Нийслэлийн гэр хорооллын айлууд жилд дунджаар 600 мянган тонн нүүрс хэрэглэдэг бөгөөд энэ нь агаарын бохирдлын гол эх үүсвэр болдог байна.Иймд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхлэх “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох’’ тухай Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол батлагдсан билээ.

Тухайлбал Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах хамгийн энгийн, хямд, боломжтой арга бол түүхий нүүрсийг боловсруулж түлш үйлдвэрлэхгэж үзсэн. Үүнтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулагдан сайжруулсан түлшний  эрэлт, нийлүүлэлт болон үнийн тэнцвэртэй байдлыг хангах үүрэг хүлээн ажиллаж байна. Түүнчлэн сайжруулсан түлшийг түүхий нүүрсний үнээр зарах бодлого барьж ажиллаж байгаа юм.

Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг дулааны алдагдлаа бууруулах,байгальд ээлтэй дэвшилтэт технологиос өөрийн хэрэгцээнд тохирохыг сонгож, бэлтгэлээ эртнээс хийж, түүхий нүүрснээс зайлсхийхийг уриалж байна.


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр                                                   Улаанбаатар хот

Дугаар 62

ТҮҮХИЙ НҮҮРС ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ

Агаарын тухай хуулийн 16.1.5-д заасныг үндэслэн Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2018 оны 2 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосугай.

2.Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодын нутаг дэвсгэр энэ тогтоолын 1 дүгээр зүйлд хамаарахгүй байхаар тогтоосугай.

3.Боловсруулсан түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хангах асуудлыг судалж 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарт тус тус даалгасугай.

4.Энэ тогтоолын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар олон нийтэд мэдээлэх, тайлбарлах, сурталчлах ажлыг зохион байгуулж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                             У.ХҮРЭЛСҮХ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд                          Н.ЦЭРЭНБАТ