Туул голын дагуух иргэдийн тарьсан хогийг тогтмол цэвэрлэнэ

Х.Оргил
08 сарын 28, 2018

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Туул голын сав газрын хог хаягдлыг тогтмол цэвэрлэгээтэй болгох ажлыг эхлүүллээ. Энэ ажлын хүрээнд зориулалтын бага оврын хог тээврийн автомашиныг Баянзүрх дүүрэгт хүлээлгэн өгөв.

Уг хог тээврийн машинтай болсноор Туул голын дагуух иргэдийн тарьсан хогийг тогтмол түүх, аялж зугаалж буй иргэдийн хаягдлыг тэр дор нь ачих боломжтой болох юм. Уг Хьюндэй Портер маркийн автомашиныг монгол инженерүүд 100 хувь газ хөдөлгүүртэй болгож түлш зарцуулалтыг багасгасан төдийгүй хог тээвэрлэлт хийх зориулалтын ачилтын тэвштэй болгосноороо онцлог аж. Нэг машин нь 4 ширхэг тэвштэй тул хог ачиж буулгах цагийг хэмнэх давуу талтай гэв.

Одооноос ийнхүү Туул гол орчим байнгын цэвэрлэгээ хийх 3 ажилтан, 1 машин техник тогтмол ажиллах бөгөөд энэ ажил үр дүнгээ өгөх юм бол машин техникийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэж нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.


Холбоотой сэдвүүд

байгаль орчин туул гол

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.