Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Туул голын сав газрын захиргаа, Дэвшилтэт Социал демократ клубээс санаачилсан “CLEAN UP-2” төслийн нээлтийн үйл ажиллагаа болох “Бүх нийтийн цэвэрлэгээ”-нд 6000 орчим залуус нэгдлээ. 

Цэвэрлэгээнд Ерөнхий боловсролын 26 сургуулийн ахлах ангийн сурагчид болон 10 их, дээд сургуулийн оюутнууд төсөлд оролцсон юм.

Залуус 12 байршилд хуваагдан Туул голын сав дагуу Дунд гол, Бэлх гол, Улиастай гол, Зайсангийн гүүр, Маршлын гүүр, Баянзүрхийн гүүр орчимд цэвэрлэгээ хийв.

Сонирхуулахад Хэнтий, Төв, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотын нутгаар урсан өнгөрдөг Туул голын сав газрын өндөршил нь 770-2800 метрийн хооронд байдаг. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 2799.3 метрийн өндөрт өргөгдсөн Асралт Хайрхан уул бол нам цэг нь далайн түвшнээс дээш 770 метрийн өндөр Орхон-Туулын бэлчир газар юм.