Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоов

Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас нийслэлийн удирдлага болон төслийн гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзалт хийж, төслийн явц, байгаль орчны асуудлыг хэлэлцлээ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир “Төслийн хэрэгжилтийн явцад байгаль орчны хууль тогтоомжийг чанд мөрдөх  нь яамны үүрэг. Иймд холбогдох хууль, тогтоомж, үнэлгээ, стандарт, шаардлагыг бүрэн хангаж ажиллах, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулан, үйл ажиллагааг зөвхөн баталгаажсан судалгаа, тооцоонд тулгуурлан хэрэгжүүлэх ёстой" гэв. 

Үргэлжлүүлэн яамны холбогдох газрын дарга нар Туулын хурдын замын төслийн хэрэгжилттэй холбоотой хяналт шалгалтын явц, төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, усны нөөц, ойн сангийн хамгаалалттай холбоотой асуудлуудад анхаарах шаардлагатайг дурдаж, байр сууриа илэрхийллээ. 

Байгаль орчны улсын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох "Байгаль орчны улсын хяналтын газраас иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгч, батлагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулалгүйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн асуудалд хуульд заасан хариуцлага тооцон ажиллаж байгаа" хэмээн мэдэгдлээ.   

Уулзалтын төгсгөлд БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, төслийг холбогдох шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч буйгаа мэдэгдлээ.

Үүнд:

  • Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуултал төслийн үйл ажиллагааг түр зогсоох;
  • Төсөл хэрэгжүүлэгч нь батлагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулалгүйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн зэрэг асуудал илэрсэн тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авахыг Байгаль орчны улсын хяналтын газарт үүрэг болгов. 


 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.