БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Ногоон паспорт” аяныг Лондон хотод төвтэй Дэлхийн ногоон байгууллагын “Байгаль орчны үндэсний хэмжээний Засаглал-2018”, мөн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг “Дэлхийн ногоон элч”-ээр шалгаруулсан байна.  Эдгээр шагналыг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас ирүүлснийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гардуулан өглөө.

Шагнал гардуулах үеэр Гадаад харилцааны сайд хэлэхдээ, өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх зорилготой “Ногоон паспорт” аяныг орон даяар өрнүүлж, ерөнхий боловсролын 778 сургуулийг хамруулаад байна. Энэ аян нь өсвөр үеийнхнийг байгаль орчинд ээлтай дадал, төлөвшлийг бий болгоход чиглэж байгааг онцлоод Байгаль орчны сайдад баяр хүргэлээ.