Допингтой холбоотой асуудлаар барилдах эрхийг нь хоёр жилийн хугацаатай түдгэлзүүлээд байсан Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын начин Э.Даш, Аймгийн хурц арслан Б.Номиндалай, Сумын заан С.Майнбаяр нарын барилдах эрхийг сэргээжээ.

Тодруулбал, БСШУСЯамны сайдын 2017 оны 06-р сарын 23-ны өдрийн №А/39 тоот тушаалаар батлагдсан төсөв хөрөнгөөр Биеийн тамир спортын тухай хуулийн 2-р зүйлд заасны дагуу БСШУСЯ, БТСГазар, Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн Эсрэг Үндэсний Хяналт-1” төслийн хүрээнд 16 спортын төрлийн 198 тамирчнаас 2017 оны 12 сар, 2018 оны 1, 2-р саруудад допингийн шинжилгээг авсан. Үүнд үндэсний бөхийн 43 тамирчин шинжилгээнд хамрагдсаны дотор 7 бөх допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь БНСУ дахь ОУОХ-ны итгэмжлэгдсэн лабороторийн шинжилгээгээр тогтоогдсон болно. 

Иймд МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш, Б.Номиндалай, С.Майнбаяр нарын 5 бөхөд хариуцлага тооцож, 2018 оны 02-р сарын 01-нээс 2020 оны 02-р сарын 1-н хүртэл 2 жилээр барилдах эрхийг нь түдгэлзүүлсэн.

Дээрх бөхчүүд 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр БЗД-ийн Шүүхийн захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан гүйцэтгүүлэх даалгаврын хамт МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэд өргөдөл гаргаж, өөрсдийн буруутай үйлдлээ ухамсарлаж, дахин ийм алдаа гаргалгүй, монгол бөхийн нэр төрийг эрхэмлэж явахаа амлаж, барилдах эрхийг нь сэргээж өгөхийг хүссэн юм. 

МҮБХ-ны тэргүүлэгчид дээрх бөхчүүдийн өргөдлийг хүлээн авч хэлэлцээд шийтгэлийн хугацаанаас 70 гаруй хувийг эдэлснийг харгалзаж үзэн санал хурааж, олонхийн саналааар тэдний барилдах эрхийг сэргээхээр шийдвэрлэлээ.



Эх сурвалж: МҮБХ