“Өөрийгөө идэвхжүүлэх нь амьдралын хөшүүрэг” гэдэг үгийг саналаа. Боловсрол судлалын ухааны доктор Б.Насанбаяр энэ тухай ярьсан юм. 

EQ буюу сэтгэл хөдлөл, өөрийгөө танин мэдэх болон бусдыг ойлгох, харилцах талаар түүний лекцэнд сууж байхдаа хэрэгтэй чухал санаа олныг сонссоны заримаас нь цухас хуваалцахаар шийдлээ.

Өөрийгөө идэвхижүүлэх гэдэг нь гадны нөлөө, урамшуулал, шаардагдахгүйгээр өөрийгөө эцсийн зорилгодоо хүртэл жолоодох гэсэн үг. 

Урам зориг, эерэг хандлага, нь бусдын нөлөөнд авталгүйгээр бие даан өөрийгөө зоригжуулах урагшлуулах чадвартай болгодог. Хүний үндсэн суурь чадвар хөгжихөд зорилготой байх нь чухал. Уян хатан, өөдрөг байдал, тэсвэр хатуужил чухал. Ямар ч нөхцөлд өөрийгөө идэвхижүүлдэг байх хэрэгтэй. Ялангуяа хүүхдийг багаас нь идэвхижүүлэх нь чухал. Өөрийгөө удирдах нь дасан зохицох, эерэг бодол, төлөвлөгөөтэй байж асуудлыг шийдвэрлэдэг байх юм. 

Бусдыг ойлгох гэдэгт тэвчээр хатуужил, нийцэл орж ирж байгаа юм. Бусадтай харилцахад зөрчлийг зохицуулах чадвар чухал. Үйлдлээ тунгаан боддог хүн л өөрийгөө таньдаг. 

Өөрийгөө хянах гэдэг нь дарамт, хүнд нөхцөл байдлыг сэтгэлээр уналгүй давах тухай юм. Түүнээс биш хүмүүс сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргадаггүй хүнийг өөрийгөө сайн хянадаг гэж ойлгодог нь буруу. Баярлаж гуниглаж байгаа нь мэдэгддэггүй хүмүүс “хаагдмал” ангилалд багтана. Сэтгэл хөдлөлөө гадагшлуулахгүй бол эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөнө. Ямар ч нөхцөлд тайван байж, саруул ухаанаар ханддаг бол өөрийгөө хянаж байгаа хэрэг. Өөрийгөө хянах гэдэг нь хориглох гэсэн үг биш шүү. Сэтгэл хөдлөл өндөр үедээ шийдвэр гаргах шаардлагагүй.

Хамгийн чухал чадвар анхаарал юм шүү. Бусдыг анхаардаг хүмүүс хүнийг хайрлаж, энэрэх чадвартай байдаг. Анхаарал хандуулах чадвараа сайжруулахад бясалгал чухал.

Хүмүүс мөнгөтэй болчихвол, уурлын оргилд гарчихвал тэгчихвэл ингэчихвэл би аз жаргалтай болчихно гэж хий хүлээдэг. Гэтэл өнөөдөр би сэтгүүлчээр ажиллаад, хүмүүст мэдээлэл түгээгээд явж байгаа нь аз жаргал гэх мэтээр өөрөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм байна. Би гурван хүүхдийн ээж болоод, хүүхдээ өсгөөд явж байгаа нь аз жаргал юм. Байгаа байдал чинь аз жаргал гэж мэдэрвэл анхаарах, үнэ цэн өгөх чадвар хөгжнө. Анагаахын шинжлэх ухаан тархины эс сэргэдэггүй гэж үздэг. Харин баяр хөөртэй, аз жаргалтай байхад тархины холбоосууд улам хөгжиж байдаг тухай нотолгоонууд бий.

Хүн сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвартай, сэтгэлээ хуваалцдаг хүнтэй байх учиртай. Хэнд юугаа хэлэхээ мэддэг байх ёстой. Ухаалаг эв дүйтэй байх нь бусдын болон өөрийнхөө талаар үзэл бодлоо эвтэйхэн илэрхийлдэг, дипломат зан гаргах үедээ гаргадаг, урнаар дүрслэх чадвар нь харилцааг илүү ойр дотно болгож байдаг.

Хүн хамгийн эхлээд өөрийгөө хайрлах учиртай. Хамгийн их уучилж, боломж олгох ёстой хүн бол та өөрөө юм. Өөртөө сэтгэл хангалуун таатай байж, бусдад өгөөмөр ханддаг.