Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороо, Цагдаагийн гудамж, 100 айлын 1.6 км авто замыг энэ сарын 1-ээс эхлэн хэсэгчлэн хааж шинэчлэн засварлахаар болоод байна.

Эхний ээлжинд долоодугаар сарын 1-10-ны хооронд 32-ын тойргоос Хангай хотхоны хойд уулзвар хүртэл 300 м замыг хааж засч шинэчлэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр уг зам дээр ажиллаж зарим үүрэг даалгавар өглөө.

Зам засвар, шинэчлэлийн ажил удааширч байгаа шалтгааны талаар Драгон бридж ХХК-ийн ерөнхий инженер Г.Цолмон “Ажлын зураг дээр гурван төрлийн асуудал гарсан. Ажлын зургийн 0-500 хүртэл дагуу огтлолыг сонгож зурахдаа ажлын хар өндрөөс автоматаар 7 см өндөр өгөөд гаргасан нь газрын уклоноо төлөвлөлтийн түвшин зохиогоод зурсан нь асуудал болсон. Хоёрдугаарт хөндлөн огтлолын болон дагуу огтлолын зурагнууд ерөнхий төлөвлөгөөний зурагтайгаа зөрүүтэй байгаа нь бас асуудал болсон. Гуравдугаарт усны байгууламж хийгдэх ажил дээр нэг хэв маягийн хөндлөн огтлол сонгоод мянгын цагирган хоолойг 1.5 метрийн гүнтэй булж хийхээр төлөвлөсөн байсан. Геодези, усны барилга байгууламжийн газраас гаргасан саналын дагуу ус зайлуулах хоолойг 1.8 метр болгохоор дахин зураг өөрчлөгдсөн. Шинэ зургийн дагуу ажиллаж байна. Мөн хуучин усны байгууламж нь эвдэрсэн байдалтай гарч ирсэн. Тиймээс анхны мэдээлэлтэй зөрснөөс мөн хугацаа алдах шалтгаан болсон” хэмээн тайлбарлав.

Өнөөдрийн байдлаар 3000 м орчим авто замын хашлагын 80 хувийг хуулж, талбайн цэвэрлэгээг хийгээд байгаа аж. Гурван газар ус зайлуулах байгууламжийн цооногийг ухаж гаргасан. Талбай дээр 8 машин, механизм, дөрвөн инженер техникийн ажилчин, 25 туслах ажилтан ажиллаж байгаа юм байна.

Төлөвлөгөөний дагуу барилгын ажил явсан бол 32-ын тойргоос Хангай хотхоны хойд уулзвар хүртэл 300 м замыг энэ сарын 10-нд нээгээд үргэжлүүлэн долоодугаар сарын 14-28-ны хооронд Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн газар хүртэл, долоодугаар сарын 28-аас наймдугаар сарын 15 хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэл хэсэгчилж хааж засч, шинэчлэх ерөнхий төлөвлөгөөтэй байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан "100 айлын зам, дэд бүтцийг сайжруулах, дахин төлөвлөлтийг эхлүүлэх, барилгын материалын зарим үйлдвэрлэл, үйлчилгээний ААН-үүдийг Налайхын үйлдвэр технологийн парк руу нүүлгэх гээд бүтээн байгуулалтын ажил хийгдсээр байгаа. 100 айлын энэ зам нь 12 м өргөн хоёр талдаа явган болон дугуйн замтай, гэрэлтүүлэг бүрэн хийгдсэн иж бүрэн зам болгохоор ажиллаж байна. Гэтэл өнөөдөр гүйцэтгэгч компани болоод хяналт тавхи ёстой нийслэлийн Авто замын хөгжлийн газар маш хангалтгүй ажиллаж байна. Ажлын хурд, гүйцэтгэл муу байна. Энэ зам хоёр хоногийн дараа ашиглалтад орох ёстой. Гэтэл өнөөдөр замын ажлын 50 хувь нь ч хийгдээгүй байна. Энэ ажлыг хариуцсан байгууллагуудын удирдлагуудыг өөрсдөө хяналтаа тавиад чанартай шаардлага хангасан зам бариул гэж шаардаж байгаа” хэмээлээ.