Peak.mn
06 сарын 13, 2022
Та өдөрт дунджаар 1-2 кг хог үйлдвэрлэдэг гэдгээ мэдэх үү? Эсвэл мэддэг ч яах учраа олохгүй байгаа бол өдөр тутмын хог хаягдлаа ухаалгаар ашиглах аргуудыг зөвлөе.
Гоёмсог тор, бэлгийн цаасан уутыг ч дахин ашиглах боломжтой
Төрсөн өдөр, тэмдэглэлт баярын дараа цаасан болон хуванцар уут хөглөрч үлддэг шүү дээ. Хаях гэхээр хайран, үлдээх гэхээр хог. Тэгвэл хэзээ, яаж хэрэглэхээ мэдэхгүй байгаа энэ төрлийн уутнуудыг дахин ашиглах боломжтой гэдгээрээ давуу талтай.
Цаасан материалыг нь ашиглан өөрт хэрэгтэй зүйлсээ хийж, нэр төрлөөр ангилж болно. Мөн шинээр загвар гарган бүтээл урлах ч боломжтой. Нэг удаа л хэрэглээд хогийн саванд хийлгүй дахин ашиглах бүртээ та эх дэлхийдээ ээлтэй алхам хийж байгаа гэдгээ ч бүү мартаарай.
Магадгүй танд цаг зав төдийлөн гардаггүй бол ашигласан уут, шилэн савыг хүлээн авдаг ‘’Ger organic store’’ дэлгүүр байдгийг мэдээд авахад илүүдэхгүй. Энэ бол дотооддоо цор ганц цаасан тор болон шилийг хүлээн авдаг, үйл ажиллагаандаа дахин ашигладаг дэлгүүр юм. Мөн GER Organic Store group ГЭР Органик Дэлгүүр групп бий.
Хэн нэгэнд хэрэгцээгүй боловч өөр нэгэнд хэрэгцээтэй байгаа эд зүйлсээ солилцдог гэдгээрээ онцлог. Тухайн эд зүйлс хүний хэрэгцээг хангахуйц байх гэсэн энгийг дүрэмтэй.
Ариун цэврийн цаасны голыг “амилуулах” арга
Бидний өдөр тутмын амьдралд хамгийн ихээр ашиглагдаж бас хамгийн ихээр хог болдог зүйлүүдийн нэг бол яах аргагүй цаас. Тэр дундаа гол нь зузаан картоноор хийгдсэн ариун цэврийн цаас хог хаягдалгүй амьдралыг эрхэмлэгчдийн бухимдлыг хамгийн их төрүүлдэг аж.
Гэхдээ тэрхүү цаасыг ямар ч хэлбэрээр бүтээлчээр ашиглаж болно. Тухайлбал гоёл чимэглэлийн хайрцаг, харандаа балны сав зэргийг хийгээд үзээрэй. Дараагийн удаа хатуу цаасан голгүй ариун цэврийн цаас худалдан авахыг зөвлөе. Ингэснээр та хог хаягдлыг багасгахад өөрийн хувь нэмэр оруулж байгаа юм шүү.
Бичлэг үзэх:
Кофенд дурлагсад хог хаягдалдаа санаа зовних хэрэггүй
Кофены шаар, нэг удаагийн цаасан аяга, соруул, амны салфетка гээд бүгд л байгаль дэлхийд ээлгүй хэрэглээ мэт санагддаг. Тэгвэл энэ бүхнийг хэрэглэдэг хүн бүхэнд хаягдлаа ухаалгаар шийдвэрлэх боломж бий.
Кофены шаараар биеийн гуужуулагч, үнэртүүлэгч, хөрсний бордоо гээд гэртээ гар аргаар маш олон бүтээгдэхүүн хийгээд үзээрэй. Хийхэд амархан, хэрэглэхэд тааламжтай, эко амьдралыг эрхэмлэж эдийн засагтаа ч хэмнэлт хийх боломж юм.
Та кофены хэрэглээтэй холбоотойгоор үүсэж байгаа хуванцарын хаягдалдаа санаа зовнидог бол саяхнаас хэрэгжээд буй “Ewalle” төсөлтэй нэгдсэн кофе шопуудаар үйлчлүүлж болох юм.
Бичлэг үзэх:
Авч явахад авсаархан, хэрэглэхэд урамтай хатуу шампунь
Гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг савлагааны ихэнх нь байгаль орчинд үл шингэх хуванцараар хийгддэг. Цөөхөн хувийг нь дахин боловсруулах боломжтой саваар үйлдвэрлэдэг байна.
Статистик тоо баримтаас харахад нэг хүн дунджаар 10 гаруй шампунь хэрэглэдэг аж. Гэхдээ эх дэлхийд ээлтэй ханддаг хүн бүхэнд сонголт бий. Хатуу шампунь нь хэлбэр дүрсийн хувьд савантай адил мэт харагдавч шингэн шампунийн хатуу хувилбар юм.
Давуу тал нь органик. Авсаархан учраас хаана ч авч явсан зай эзлэхгүй.
Хатуу шампунийг доорх газруудад худалдаалдаг.
LaPerla-Mongolian Products,LHAMOUR, L’OCCITANE en PROVENCE, GREEN EYE Bio дэлгүүр, NATURE AND ORGANIC, MOIL брэнд,GOO Brand, ORIFLAME зэрэг бидэнд аль хэдийнээ танил болсон газруудаас авах боломжтой.
Угаагаад дахин дахин хэрэглэдэг төмөр соруул ашиглаарай
Байгальд хамгийн хор хөнөөлтэй зүйлсийн жагсаалтад хуванцар соруул багтсан байдаг.
Задралд ороогүй хэдэн зуун сая хуванцар соруулууд он удаан жил болж, байгаль орчныг асар ихээр хордуулаад зогсохгүй далайн амьтдын үхлийн шалтгаан ч болдог.
Иймээс олон удаа хэрэглэж болох төмөр соруулыг зөвлөж байна. Хэрэглэхэд ч таатай, угаагаад дахин хэрэглэх боломжтой, хэмнэлттэй, олон жилийн настай.
Хулдаасан самбараас татгалз!
Ямарваа нэг баяр ёслол, шинээр нээгдсэн үйлчилгээний байгууллага, номын худалдаа, кофе шопын гадна голдуу хулдаасан самбар байрлуулсан харагддаг. Тухайн үйл ажиллагаагаа,танилцуулга дууссаны дараа тэдгээр хулдаасан самбар дахин ашиглагдах нь ховор. Ихэнх нь хог болж үлдэнэ.
Тиймээс бид байгальдаа ээлтэй дахин боловсруулж болох цаасан хайрцгаар “эко самбар” хийж яагаад болохгүй гэж. Өөрийн хүссэн хэлбэр хэмжээнд оруулан, үсгүүдээ хайчлан нааж дараагийн шинэ ном, цэсээ сурталчилж болох юм.
Бэлтгэсэн: М.Хишигмаа Ж. Уянга
хог хог хаягдал zero waste байгаль орчин дахин боловсруулах хариуцлагатай хэрэглээ дадал зуршил
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.