Шүдээ угаах болон усанд орохдоо их хэмжээгээр ус гоожуулах,  ажил сургуульдаа явахдаа тээврийн хэрэгсэл ашиглах, нэг удаагийн аяганд кофе уух, хүнсний баглаа боодол, гялгар уут гээд хэрэглээнээс үүдсэн үй түмэн хог хаягдлыг бид бий болгодог. Ийнхүү өөрсдөө ч анзаарахгүйгээр экологийн ул мөрөө үлдээсээр…


Хүний үйл ажиллагааны нөлөө буюу бидний хэрэглээ, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, түүнээс гарах хог хаягдлын хэмжээг биологийн үржил шимт газар нутгийн талбайн хэмжээнд харьцуулан тооцсон үзүүлэлтийг экологийн ул мөр гэнэ. 

Ялангуяа хогоо газрын хөрсөнд шууд булдаг, хуучин хувцсаа нэгэндээ өгөхдөө дурамжхан тул шатаадаг, хог хаягдлаа ангилах талаарх ойлголт сул манай улсад энэ асуудал улам хүнд болсоор байгаа юм. Ялангуяа сүүлийн 4 жилд хог хаягдлын хэмжээ огцом өссөн үзүүлэлт гарчээ. Мөн улсын хэмжээнд хог хаягдлын хэмжээ жил бүр 500 мянган тонноор нэмэгдэж байна гэсэн БОАЖЯ-ны албан ёсны тоо бий.  Нэг иргэн өдөрт дундажаар 270-900 грамм хог хаядаг гэсэн судалгаа ч гарсан. Энэ их ахуйн хог хаягдлын 40 гаруй хувийг дахин боловсруулах боломжтой цаас, хуванцар сав, хөнгөн цагаан лааз, шил, хуучин хувцас зэрэг бүтээгдэхүүн эзэлдэг.

Экологийн ул мөр хамгийн ихтэй оронд АНУ, Австрали, Канад, Сингапур, Франц, Герман зэрэг улс ордог байна.  Энэ оны байдлаар манай улс дэлхийн 183 орны жагсаалтаас 7 дугаар байранд орсныг worldpopulationreview сайт онцолжээ.

Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг монголчуудын хувьд бэлчээрийн даац хэтэрсэн, нэг хүний өдөрт хэрэглэх усны хэрэглээ өндөр, байгаль орчинд халтай хог хаягдал ихтэй зэрэг нь байгальдаа ээлгүй улсуудын жагсаалтад оруулсан хэрэг. БОАЖЯ-наас эрхлэн гаргасан Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайланд өгүүлснээр, 2016 оны байдлаар нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн гэсэн дүгнэлт гарчээ. Хамгийн их нөлөөлж байгаа хүчин зүйлийн бэлчээрийн доройтол билээ. Нэгэнт цөлжилтөд өртсөн дээрээ 60 гаруй сая маллаж байгаа нь бэлчээрийн даац хэрээс хэтэрснийг батлан харуулж байна.

Дэлхий нийт хог хаягдалгүй, байгальд ээлтэй амьдралын дадал хандлагыг бий болгож, ухаалаг ногоон-хэрэглээнд шилжиж байна. Үүнд заавал мэдэх ёстой хог хаягдлын менежментийн элементүүд бий.

Та үүнийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлээрэй. Таны хийсэн нэг эерэг үйлдэл ч эх дэлхийнхээ ирээдүйг өөрчлөх алхам болно.

1.Хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийл

Гэртээ, ажлын байрандаа гэх мэт ер нь хаа ч явсан хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлж болно. Тухайлбал бэлгийн сав баглаа боодлын шийдлээс эхлээд, аль ч дэлгүүрт орсон гялгар уут худалдан авахгүй байхаас зөв дадал хандлага эхэлнэ. Уг нь хэвшүүлэхэд тийм хэцүү дадал биш. 

Машиндаа, шүүгээндээ цүнхэндээ даавуун уут хийчихэд болно. Ингэхэд л гялгар уутны хэрэглээ эрс багасаад ирнэ. Ресторанд хооллохдоо бид илүү гарсан хоолоо хуванцар саванд хийлгэдэг. Ингэхгүйгээр хоолны цэс дээрх грамм хэмжээг нь хараад захиалчхад болно.

2.Хогны эх үүсвэрийг аль болох багасга, дахин ашигла

Бүх байгууллага, ААН-үүд хог хаягдлыг бууруулах менежментийн төлөвлөгөөтэй байх ёстой. Түүнийгээ дагаж хэрэгжүүлж ажиллах нь чухал. Жишээ нь олон хэрэглээд уйдчихсан боловч бүрэн бүтэн халбага сэрээ эсвэл хувцас, тавилга, эд хэрэгсэл байдаг шүү дээ. Тэдгээр зүйлс нь надад, хэрэггүй ч гэсэн өөр бусдад хэрэгтэй байж болно. Жишээ нь ээжүүд, их дээд сургуулийн оюутны төв хамтраад санаачилга гаргахад бусдад өгөөжтэй сайн дурын арга хэмжээ зохион байгуулбал тун өгөөжтэй дээ. Хөдөө орон нутгаас оюутны байранд суухаар ирсэн оюутнуудад тэрхүү эд зүйлсээ үнэ төлбөргүйгээр эсвэл багахан үнээр өгч болно шүү дээ. 

3. Дахин боловсруул

Дараагийн хүн хэрэглэх боломжгүй элэгдэж цоорсон хувцас, тавилга нэг удаагийн аяга таваг хэрэгсэл зэргийг дахин боловсруулдаг. Тэдгээрийг дахин боловсруулахад бас учир бий. Хуванцар сав болгон төрлөөсөө хамаарч тусгай кодтой байдаг. Тэрхүү кодоор нь дахин ангилж, дахин боловсруулж янз бүрийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эд болгодог. Бидний мэдэх алдартай брэндүүд ч ийм түүхий эдээр зарим шинэ бүтээгдэхүүнээ хийж байна. Өвдөг тохой цоорсон хувцас хунарыг ашиглан донж маягийг нь тааруулсан, шинэ загвар бүхий бүтээгдэхүүн болгон хэрэгцээгээ хангах, эсвэл хэрэгтэй нэгэнд өгч болно. Энэ нь хог хаягдлыг дахин боловсруулж байгаа энгийн шийдэл, хэлбэр шүү дээ.

4.Хог хаягдлыг энерги болгон хувирга. 

Хог хаягдлыг энерги болгон хувиргахад тавигдах тусгай технологийн стандарт шаардлагууд, байгаль орчны стандарт шаардлагууд бий. Тэр шаардлагыг хангаж, хог хаягдлын бүтцээ судалж байж тун болгоомжтой хийх ёстой ажил л даа. Манай улс аюултай хог хаягдал ихтэй улс.

 

 Эх сурвалж: worldpopulationreview.com


Хангайхүүгийн Даваахүү