Буяндэлгэрийн Мөнхчимэг
12 сарын 08, 2021
Халаасанд, шүүгээнд, гэрээр нэг хөглөрдөг нөат-ын баримт байгальд энгийн цааснаас хэдэн мянга дахин илүү хортой. Үүнийг ил задгай хаяхгүйгээр дахин ашиглаж болох бүтээлч шийдлийг санаачилсан "Re-Designed Mongolia" ашгийн бус байгууллагын хамтран үүсгэн байгуулагч Ц.Оюунтай ярилцлаа.
Тэрбээр долоон жилийн турш байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягаар амьдарч яваа нэгэн. Бусдад өөрийн сурч мэдсэн, хэрэгжүүлдэг туршлагаасаа хуваалцах зорилгоор 2017 онд "Re-Designed Mongolia" үүсгэн байгуулжээ.
Ц.Оюун ашиглахаа больсон хувцас хэрэглэлээр гэрийн чимэглэл, хайрцаг сав гэх мэт жижиг зүйлсийг бүтээлчээр урлаж, дахин ашиглах боломжтой болгодог. Харин түүний хамтрагч, дизайнер И.Урангоо хуучин хувцсыг дахин загварчилж шинэ бүтээл болгодог байна.
Тэд өөрсдийн эгнээнээ өргөжүүлж, олон хүнийг нэгтгэн, байгальд ээлтэй хэрэглээг таниулах зорилгоор долоо хоног бүр сургалт орпог. Улаанбаатар хотын төв номын санд байрлах "Markerspace" гэх төрөл бүрийн бүтээлээр дүүрэн энэхүү урлан хүссэн бүхэнд нээлттэй.
Энэ удаа нөат-ын баримтыг ашиглаж, гэртээ декор хийх сургалт орж байлаа.
Нимгэн цаас дээр их хор ашиглаж хэвлэсэн баримтны цаас байгаль орчинд энгийн цааснаас 20 дахин илүү хугацаанд задардаг гэнэ. Гэтэл монголчууд энэ цаасыг өдөрт хэдэн арван тонноор үйлдвэрлэж, хаяж байгаа. НӨАТ-ийн баримтаас азтан шалгаруулдаг болсноос хойш хүмүүс баримтаа хадгалж, сугалаа өнгөрсний дараа их хэмжээгээр нэг дор хаях болжээ.
Хортой цаасыг "тэгж" хаях нь хөрсний ялзрал үүсгэж, бохирдуулахад ихээхэн нөлөөлдөг аж.
Бичлэг үзэх:
Дээрх мэдээллийг уншснаасаа хойш Ц.Оюун хэрхэн энэ баримтыг байгальд шууд хаялгүйгээр дахин ашиглах боломжтой талаар ихэд боджээ. Интернэтээр мэдээлэл хайж судалсаар дээр үед цамын бүжгийн багийг цаасаар хийдэг байсныг мэдсэн гэнэ. Үүнээс санаа авч цаасыг обойны цавуугаар нааж, хатуу болгоод хэлбэрт оруулаад таваг, хайрцаг гээд ойр зуурын хэрэглээндээ ашиглах боломжтой бүтээл урлаж эхэлжээ.
Энэ тухайгаа тэрбээр:
"Нэг жижиг хайрцаг гаргаад, уншуулсан баримтуудаа хадгалаж эхэлсэн. Бараг зургаан сар цуглуулсан цаасаар дунд зэргийн хэмжээтэй таваг хийгээд, түлхүүрний оосор, хумсны хутга зэргийг хадгалах сав болгосон. Хөл хорионы үед сургалт явуулах боломжгүй байлаа. Одоо сургалтаа бямба гараг бүр үнэ төлбөргүй орж байна." гэж ярилаа.
Мөн тэрбээр "Манай улсад хогийн менежмент муу. Ангилж хаялаа ч нэг цэг дээр л хаягдана. Гэхдээ өөр хэн нэгнийг хийхийг хүлээгээд, өнгөрчихөж болохгүй. Хүн бүр хувьдаа өөрийн хэрэглээгээ зохицуулж, хянаж сурвал байгалиа хамгаалахад маш том нөлөө үзүүлж чадна." гэлээ.
байгальд ээлтэй амьдралын хэв маяг дахин боловсруулах хог хаягдал
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.