П.Мөнгөнсор
09 сарын 18, 2024
Peak.mn сайт “Би нэг удаа” булангийнхаа шинэхэн дугаарт контент бүтээгч Ё.Мөнхдэмбэрэлийг урьж ярилцлаа.
Хүний эрх, жендэрийн сэдвийг энгийнээр таниулдаг энэ буландаа түүнийг урьсан нь учиртай. Тэрбээр саяхнаас нүүрэндээ гоо сайхны хагалгаа хийлгэж, шинэ дүр төрхтэйгөөр контентоо хийж эхэлсэн. Гэнэтийн бөгөөд зоримог түүний энэ шийдвэр олон хүний гайхширлыг төрүүлж, олон нийтийн сүлжээнд ярианы сэдэв болсон билээ.
Түүнээс яагаад гоо сайхны мэс засал хийлгэснийг нь асуухад ийнхүү харилж байна.
Бичлэг үзэх:
Ё.Мөнхдэмбэрэл: Царай төрхөө голсондоо биш өөрчлөлтөд дуртай хүн учраас гоо сайхны мэс засал хийлгэсэн
Гоо сайхны хагалгаа хийлгэснийг минь хүмүүс янз бүрээр л хүлээж авсан.
Ихэнх нь сошиал "bully"-наас (гадуурхал, дээрэлхэл) болж царайгаа голсондоо ийм зүйл хийлээ гэж бодсон байх. Тийм зүйл байхгүй шүү дээ.
Солонгосын эмнэлгээс санал тавиад, бодож үзээд зөвшөөрсөн хэрэг.
Гэхдээ миний бие болоод сэтгэл зүйд ямар өөрчлөлт гарах вэ гэдгийг сайн ойлгоогүй явчихсан нь алдаа болсон. Үнэнийг хэлэхэд хагалгааны дараах 7 хоног маш хүнд өнгөрсөн. Тэр их өвдөлтийн дундуур би эдгэх болов уу гэсэн айдас, стресс нэмэгдээд сэтгэлээр их унасан.
Хүний нутагт асарч тойглох хүн байхгүй, хагалгааны хавдартайгаа гурав хонож байхад эгчээс минь ганцхан мессеж ирсэн. “Чи бол насаараа өөрчлөгдөж ирсэн хүн. Царайгаа өөрчилнө гэдэг чиний шийдвэр байсан. Одоо энэ сорилтыг даваад гарч чадна” гэсэн утгатай. Уншаад л уйлчихсан.
Бодоод үзэхэд би үнэхээр л бүхий л амьдралынхаа туршид өөрчлөгдсөөр иржээ. Боловсрол, сэтгэлгээ, хандлага, амьдралын хэв маягийн хувьд сайнаар өөрчлөгдөж болох бүхнийг хийсэн гэдгээ ойлгосон.
Би алхам бүрдээ өөрчлөлт рүү тэмүүлж, тэр мэдрэмжээр сэтгэлээ дүүргэдэг төрлийн хүн юм билээ.
Тиймээс энэ гоо сайхны хагалгаа ч энэ өөрчлөлтийн минь нэгээхэн хэсэг. Үүнийг би даваад гарах ёстой гэж өөрийгөө зоригжуулсан. Одоо хагалгааны дараах хавдар буугаад, царай минь эдгэж байгаа.
Шинэ дүр төрхөө хүмүүст харуулахад ихэнхдээ гайхаж хүлээж авсан. Мэдээж сошиал булли, сөрөг сэтгэгдлүүд ирэлгүй л яах вэ. Өмнөх бичлэгүүд дээр минь ч ийм өнгө аястай сэтгэгдлүүд хөвөрч л байдаг. Ач холбогдолгүй өгдөггүй юм. Гэхдээ эндээс бидний хандлага, сэтгэлгээ хаана явна вэ гэдгийг харж болно.
Монголчууд нийтлэгээрээ атаархуу, ууртай байна уу даа гэж анзаарагддаг.
Миний бодлоор өөрчлөгдөж чаддаггүй хүмүүс л атаархдаг. Бусдын амьдралын өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч чадахгүй хүн өөрийнхөө амьдралыг ч өөрчилж чаддаггүй. Бусдыг хүлээн зөвшөөрч байж суралцдаг. Тиймээс өөрөөсөө илүү байгаа хүнд алга ташиж сурах хэрэгтэй гэж боддог юм.
Өдийг хүртэл өөрчлөгдөж, сайжирч ирсэн нууц минь ердөө л надаас илүү байгаа хүмүүсээс суралцаж чадсаных шүү дээ.
Бид бүгдэд байгаа энэ цаг хугацаа хэмжээ, хязгаартай. Нэг л өдөр дуусчихлаа гэхийг үгүйсгэхгүй. Тиймээс амьдралаа дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжийг эрэлхийлмээр байна. Хүнтэй нөхөрлөж, хүнээс суралцаж чаддаг байгаасай гэж хүсдэг. Түүнээс биш нэгэнтэйгээ тэмцэлдэж, сошиалын хов жив хөөцөлдөж цагаа үрэхэд амьдрал дэндүү хайран.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [59.153.84.210] ・ 15 өдрийн өмнө Хариулах
ttttt