Засгийн газрын шийдвэрээр банк санхүүгийн байгууллагуудын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан тул банк, санхүүгийн байгууллагууд шинэ зээл олгох сонирхолгүй болсон. Энэ үед мөнгөний хэрэгцээнээс үүдэн иргэд  байр орон сууц, хашаа байшин, газар нь өөрийнх нь бодит эзэмшилд үлдэж байгаад найдаж үл хөдлөх хөрөнгийнхөө нэрийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгч зээл авах болсон. Үүнээс болж хохирч үлдсэн жишээ цөөнгүй байдаг аж. Энэ талаар өмгөөллийн "Онч нүүдэл" ХХН-ийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир зөвлөж байна.


Ковидоос шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй үед иргэд, ААН-ууд мөнгөний хэрэгцээ шаардлага өндөр байна.

Энэ үед мөнгө зээлүүлдэг хувь хүмүүсээс зээл авахаас өөр сонголт үлдэхгүй. Харин зээлийн гэрээнд үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалуулахдаа тус үл хөдлөх эд хөрөнгийг мөнгө зээлдүүлэгч өөрийн нэр дээр шилжүүлэн өгөхийг шаарддаг болжээ. 

Өгөх хүн гэдийж авах хүн тонгойх нь зарчмаар тус шаардлагыг нь хүлээн зөвшөөрч зээлийн барьцаанд үл хөдлөх хөрөнгийн нэрийг шилжүүлж өгөх тохиолдол багагүй байна. Үүнээс болоод хохирсон нь ч байна. 

Аливаа үүрэгт /зээлийн эргэн төлөх үүрэг/ үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэдэг. Иргэний хуулийн 165-аас 181-р зүйлд зохицуулсан байдаг. 

Харин барьцааны журмаар хөрөнгө шилжүүлэх харилцааг Иргэний хуулийн 235-р зүйлд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээг хэмээн нэрлэн зааж зохицуулсан. Энэ төрлийн гэрээг зөвхөн хөдлөх хөрөнгө дээр хийдэг. Харин үл хөдлөх хөрөнгө буюу байр, байшин, обьект газрийг нэр шилжүүлж фидуци хийхийг хориглоно.  Үл хөдлөх хөрөнгө дээр зөвхөн барьцааны гэрээг байгуулж барьцааны гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлдэг журамтай. 

Гэтэл иргэд байр орон сууц, хашаа байшин, газар нь өөрийнх нь бодит эзэмшилд үлдэж байгаад найдаж үл хөдлөх хөрөнгийнхөө нэрийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгч байгаа нь алдаа. Нэг талаараа хууль зөрчсөн хэлцэл учраас зээлийн гэрээний үүрэгт үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан гэх тайлбар үндэслэлийг шүүх хүлээж авахгүй. 

Үл хөдлөх эд хөрөнгийн нэр зээлдүүлэгчид шилжин очсоноор зээлдүүлэгчийн шууд өмч болж тэрээр хэдийд ч тухайн үл хөдлөх хөрөнгийг бусад гуравдагч этгээдэд худалдах, барьцаалах улмаар зээлдэгчийг хэзээд ч орон сууцыг чөлөөлөхийг шаардах эрхтэй болдог тул зээлдэгч хохирох эрсдэл өндөр юм.

Мөн зээлийн үүргийг гүйцэтгэсэн боловч үл хөдлөхийг буцаан шилжүүлнэ гэх баталгаа байхгүй. Энэ талаар шүүхийн журмаар шаардах, нэхэмжлэл гаргах боломж хязгаарлагдмал байдаг 

Харин зээлийн гэрээнд үл хөдлөх хөрөнгийн барьцаалсан тохиолдолд зээлдэгч үүргээ биелүүлээгүй бол зээлдэгч тус үүргийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлнэ. Мөн зээлдэгч үүргээ биелүүлсэн бол зээлдүүлэгчийг барьцаанаас эд хөрөнгийг чөлөөлүүлэхээр шаардлага гаргах боломжтой. 

Иймд хууль зөрчсөн байдлаар гэрээ байгуулах, эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг шаардсан зээлдэгчээс зээл авахгүй харин барьцааны гэрээ санал болгосон харилцагчийн сонгох нь таныг дараа дараагийн олон эрсдэлээс хамгаалах боломжтой юм.