Үерийн улмаас нийслэлд 2 хүн амиа алджээ

Б.Баясгалан
07 сарын 18, 2018

Улаанбаатар хотод өчигдөр түр зуурын олон удаагийн давтамжтай орсон усархаг аадар борооны улмаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүргийн автозам, орон сууцны байрны орц болон зоорийн  давхар, айл өрхүүдийн гэр, хашаа, байшин усанд автсан, цахилгаан дамжуулах агаарын шугам унасан, автозам дээр их хэмжээний лаг шавар зөөгдөн ирж автомашины хөдөлгөөнд саад учруулсан, иргэд усанд боогдсон зэрэг үер усны холбогдолтой нийт 31 удаагийн дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн ажиллажээ.

Нийт дуудлагын 73,3 хувь нь иргэдийн хашаа гэрт ус орсон, 24,9 хувь нь орц болон газар доорхи зоорийн давхар усанд автсан, 1,8 хувь нь нийтийн эзэмшлийн гудамж талбай болон автозам усанд автсан зэрэг дуудлага эзэлж байна.

Үерийн улмаас 2 иргэн амь насаа алдаж, 29 хүний амь насыг авран хамгаалж,  зам талбайд тогтсон их хэмжээний усыг соруулан ажиллажээ.

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн  мэдээгээр энэ сарын 18-21-ний өдрүүдэд нийслэлд дуу цахилгаантай усархаг бороо орох төлөвтэй байна. Тиймээс гэнэтийн үер ус, мөндөр, хүчтэй салхины аюулаас сэрэмжтэй байхыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

Холбоотой сэдвүүд

бороо нийслэл үер

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.