Буяндэлгэрийн Мөнхчимэг
07 сарын 04, 2024
Эрүүл мэндийн яамнаас Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд 2022 оноос улс орон даяар эхлүүлсэн хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, шинжилгээ оношилгоог эрчимжүүлэх, төвөөс алслагдсан бүс нутгийн иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Энэ үйл ажиллагааны хүрээнд УГТЭ Эрүүл мэндийн сайдын “Нүүдлийн эмнэлгийг орон нутагт ажиллуулан эрт илрүүлэх, үзлэг оношилгоо шинжилгээг эрчимжүүлэх тухай” А/150 дугаар тушаалын хэрэгжилтийг ханган, “Нүүдлийн эмнэлгийн баг”-ийг 2024 оны 04 дүгээр сарын 05 өдрөөс эхлэн 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 80 орчим хоногийн хугацаанд Баруун бүсийн Баян-Өлгий, Ховд, Завхан, Увс, Говь-Алтай аймгуудын нийт 26 суманд амжилттай ажиллаад ирлээ.
Нүүдлийн эмнэлэг нь Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилттай, хүн амын дунд явуулын үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх зориулалттай том оврын автомашинд амбулаторийн орчин бүрдүүлэн, лабораторийн шинжилгээ, дуран, рентген оношилгоо, чих хамар хоолой болон эмэгтэйчүүдийн оношилгоо эмчилгээний аппарат, багаж хэрэгслээр иж бүрэн тоноглосон эмнэлэг юм.
Баруун бүсийн таван аймгийн алслагдсан сумдад хийгдсэн дээрх эрт илрүүлгийн хугацаанд тус эмнэлгийн нүүдлийн эмнэлгийн баг бүрэлдэхүүнд зүрх, мэдрэл, бөөр, уушги, эмнэлзүйн лаборатори, дүрс оношилгоо, дуран, эмэгтэйчүүд зэрэг лавлагаа шатлалын төрөлжсөн мэргэшлийн эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, мэдээллийн технологч зэрэг давхардсан тоогоор нийт 93 мэргэжилтэн ажиллажээ.
Дээрх 5 аймаг 26 сумын нийт 5623 иргэнийг халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд бүрэн хамруулахын зэрэгцээ лавлагаа шатлалын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, эрүүл мэндийн асуудлыг нь газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.
Эрт илрүүлгийн хугацаанд хавдрын нийт 43 шинэ тохиолдолыг илрүүлэн, илэрсэн ходоодны хавдар-4, элэгний хавдрын-6 тохиолдлыг мэс заслаар амжилттай эмчилсэн байна.
Тус эмнэлгийн хөгжлийн хөтөлбөрийн үндсэн чиг үүргийн нэг болох “Хүн төвтэй нийгмийн эрүүл мэндийн тусламжийг үндэсний хэмжээнд манлайлах” зорилтыг хангахад үнэ цэнтэй хувь нэмрийг оруулж, алслагдсан орон нутгийн иргэдийн дунд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд манлайлал, хүчин чармайлт гарган амжилттай ажилласан нүүдлийн эмнэлгийн нийт баг бүрэлдэхүүндээ эмнэлгээр үйлчлүүлэгч иргэд олон нийт, удирдлага хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэн ерөөе.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.