Тархи толгойдоо өөрөө ч бодохоос сүрдмээр тийм том мөрөөдөл тээдэггүй л бол, тун өчүүхэн зүйлийг төсөөлж байгаа хэрэг.” 

Ингэж үздэг тасархай бэлтнүүд энэ цаг үед, яг бидний нүдэн дээр цахилгаан цахихын адил гялсхийн гарч ирцгээсэн нь “Tesla Motors”-ын Илон Маск, “Amazon”-ы Жефф Безос хоёр. Тэдний мөрөөдөл нь тэнгис далай гэмээр. “Миний зорилго бол өөрөө сансарт хөөрөх төдий биш, миний зорилго бол хүн төрөлхтөнд сансрын уудмыг нээж өгөх” хэмээн Ангараг гарагийг эзэмших санаа тээгч Илон Маск хэлжээ. “Хөрст дэлхийгээ аврахын тулд хүн төрөлхтөн сансрыг зорих ёстой“ хэмээн Жефф Безос өгүүлжээ.

Сансарт аялал жуулчлалын бааз бий болгох, сая сая хүмүүс сансарт ажиллаж амьдарч байх ирээдүйг бүтээх мөрөөдөлдөө хүрэхээр тэд оюун ухаанаа уудалж, бэл бэнчингээ үрж зарж байгаа хүмүүс. “Blue Origin”, “SpaceX” гэх аварга хоёр фирм бол сансрын цоо шинэ технологийг хөгжүүлж, эздийгээ зорилгод нь хүргэж, мөрөөдлийг нь биелүүлэх тэнгэр өөд нумлан татаж буй нэг ёсны гүүр нь юм. 

Тавин настай Илон Маскын нийт хөрөнгө 255.2 тэрбум доллар, түүнээс долоо ах Жефф Безосынх 211.4 тэрбум доллар. Ийн хэлэхийн төдийд энэ тоонууд суга суга цойлон ахисаар л байгаа.

Тун удахгүй, дөрөв тавхан жилийн дотор тэд хүн төрөлхтний дотроос хамгийн анхны триллионер болох төлөвтэй. Нэгийн тооны араас арван хоёр тэг тавьж байж гэмээнэ арайхийн бүрдэх триллион. Нэг триллион буюу нэг их наяд доллартай байлаа гэхэд, өдөртөө нэг сая доллар зараад ч 3000 жилд барахгүй их мөнгө. АНУ-ын 2021 оны холбооны төсөв 6.8 триллион доллар, цэргийн төсөв нь нэг триллонд бараадахгүй, 704 орчим тэрбум доллар. Манай Монгол Улс 2022 оны төсвөө 9.4 их наяд төгрөг буюу 3.1 тэрбум доллараар баталсан гээд бодохоор нэг триллион доллар гэдэг ямар мөнгө вэ! Мянган тэрбум нь нэг триллион буюу нэг их наяд! 

Гэтэл өдөртөө хоёр ч доллар хүрэхгүй мөнгөөр амь зогоож, хорвоогийн шар нар, бор хоногийг арайхийн өнгөрүүлдэг нэн ядуу хүмүүсийн тоо нэмэн нэмэгдсээр энэ жилийн сүүлийн хагаст 700 саяд дөхөж очжээ. Энэ бол Дэлхийн банкны багцаа тооцоо. Тийм өлмөн зөлмөн, өрөвдөм амьдралтай олон зуун сая хүмүүсийн дотор өнөөх цөөхөн хүн амтай, газрын баялгаараа гайхагдсан манай Монгол Улсаас багтах хүн олноороо бий гээд бодохоор дэндүү харамсалтай, хэтэрхий эмгэнэлтэй. 

Гэхдээ манайх гэнэтхэн ийм болчихоогүй, өнөөгийн энэ төр засаг ч ингэчихээгүй, ерөөд оноос нүүрлэж, улмаар ужгирч ирсэн гамшиг. Тэгээд ч төр бүхэнд хүчрэхгүй, өглөг буяны эзэд өөрсдөө би татвар төлдөг гэхгүйгээр аль аминд тулсан үйл хэрэг, аль хэрэгцээ шаардлагатай нийгмийн бүлэгт зориулан хандив өргөсөөр ирсэн нь өнөөгийн манай хүний ёс.    

“Илон Маскын нийт хөрөнгөний ердөөн хоёрхон хувь нь л дэлхийд нүүрлээд байгаа өлсгөлөнг зохицуулж болно. Тасархай баян бие хүмүүс нийт хөрөнгөнийхөө өчүүхэн хувийг нэмэрлэхэд дэлхий дахины өлсгөлөнг шийдэж чадна. Дэлхийн тэрбумтнууд нэг л удаа, ердөөн ганцхан удаа, яг одоо эрс шийдмэг алхам хийх хэрэгтэй байна. Зургаан тэрбум америк доллар гаргахад өлсч үхэхэд хүрсэн 42 сая хүний амийг аварна. Нас барж байгаа хүүхдүүдийн тэн хагас нь зөвхөн тэжээлийн дутагдлаас болдог. Өлсгөлөнгөөс аврах үйлсийг дэлхийн тэргүүн баян Илон Маск, Жефф Безос зэрэг хүмүүс тэргүүлээсэй” гэх утгатай үгийг тун саяхан НҮБ-ын хүнсний хөтөлбөрийн захирал нэгэн хэлсэн нь тун ч содон сонсогдсон. 

“Олон түмний ядуурал, зовлон зүдгүүр, туйлдан доройтохыг үл тоогч, эс анзаарагч шиг тийм нүгэлтэн гэж байхгүй.

Тэр дундаа хүүхдийн зовлонг тэвчишгүй” хэмээн аугаа энэрэнгүй үзэлтэн, их сэтгэгч, суут зохиолч захиж хэлсэн нь бий. Хорвоогийн тэргүүлэх баячууд өнөөхөндөө дэлхийн ядуурал, өлсгөлөнг сууриар нь шийдэхүйц үлэмж мөнгө хараахан хандивлаагүй ч, тэдний бүтээсэн буяны үйлс, өглөгийн ач тус нэн арвин. 

Жефф Безос л гэхэд дэлхийн нэртэй хандивлагчдын нэг, буяны санд оруулсан мөнгө нь 13 тэрбум доллараар хэмжигддэг. Илон Маскын хувьд одоохондоо хараахан тийм биш бололтой. “Илон Маск буяны үйлст ердөөн 150 сая ам.доллар хандивлажээ. Ямар харамч юм бэ!” хэмээн “Los Angeles Times” сонинд халаглан бичсэн л байсан. 

Илон Маск, Жефф Безос, Бернард Арно, Билл Гейтс гэх дэлхийн дараалсан толгой дөрвөн баян гэхэд манайхны хэлдэгээр ёстой цэвэр мөнгөөр цулайтал баяжсан хүмүүс. Тэдний хэрхэн, яаж хэдэн зуун тэрбум америк долларын эзэд болсон нь эх орон Америк, Францдаа төдийгүй дэлхий дахинд тодорхой. Тэд ч өглөг буяны үйлст тэгтэл гар татдаггүй. Билл Гейтс л гэхэд, 60 тэрбум орчим ам.доллар хандивт зараад байгаа гэлцдэг. Тэгсэн хэдий ч тэднийг дэлхий дахинаа үргэлжлэн учирч байгаа өлсгөлөн, өвчин зовлон, байгалийн элдэв гамшиг, дулаарал зэрэгт улам ихийг зориулаасай хэмээх нэг ёсны хүсэлт, нөгөө талын шаардлага байсаар л байдаг. 

Манайд харин яадаг вэ? Ямархуу янзтай байдаг вэ?

Амьдралын ялгарал, баян хоосны туйлшрал улам бүр хоёр тийшээгээ хурд аван холдсоор удлаа. Баян хийгээд ядуу хүмүүсийн үр хүүхдүүд бие биетэйгээ эрхэлж тоглож, суралцаж хамт байх нь битгий хэл, нэг ч таарахгүй байх ахуйн тийм орчин нэгэнт бий болжээ. Нийгмийн асар их ялгарал эцсийн бүлэгт сайн сайхан зүйлд яавч хүргэдэггүй. Жигшил гомдол, үзэн ядалтын үндэс суурь ч болж мэднэ. Тэгээд ч манай дийлэнх долларын саятан, олон сая долларын саятан, олон зуун сая долларын саятнуудын тэгж учиргүй хөлжсөн нь дэлхийн баячуудынхтай адилгүй, зүйрлээд хэлэх аргагүй. Бизнесийн салбарт нэг ч байгаагүй,  хар бор, хатуу ширүүн ажлын амт үзэж хүчээ сориогүй, нам дагаж, төрийн албанд ээлжгүй заларсан зарим хүмүүс дэлхийн баячуудын зиндаанд хүрснийг гадны хүн ойлгоход бэрх. 

Нэг нь л гэхэд сая сая доллараар үнэлэгдэх олон зуун уран зураг, олон төрлийн хосгүй үнэт эдлэл, хуучин шинэ элдэв үнэт машины бүрэн цуглуулга гээд хүч хөдөлмөрөөрөө өөрсдөө худалдаад авчихсан юм шиг, эцэг дээдсээс нь уламжлаад ирчихсэн юм шиг тэдний гайхуулах нь бүүр тавлал гэлтэй. Тэр бүхний цаана нүгэл бий. Тэр бүхний цаана хөгшдийн цөхрөл, хүүхдийн цурхираан бий.

Тэглээ гээд тэд нүглээ цайруулж, өдий хүртэл буяны үйлст зарсан хөрөнгө мөнгө гэж дуулддаггүй. Харин ч харь холд сууж, хүч хөдөлмөрөө шавхаж, Монголоо тэжээлцэж байгаа хүмүүс эх оронд нь ийм тийм боллоо гэхэд хамгийн түрүүнд хандив цуглуулан сандралддаг. Өндөр настангууд хүртэл илүүхэн зарчихвал эмэнд нь хүрэхээ байчихдаг тэтгэврээсээ илүүчилдэг. Харин тэд ичиж улайхгүй нь үнэн сайхан. Мянга насалж, мөнх амьдрах юм шиг улам ахиж барина. Булаасан дээрээ булааж, дээрэмдсэн дээрээ дээрэмдэж, бүхнийг эзэмших гэнэ.

Өөр оронд яах вэ?

Өөрсдийн оюун ухаан, сэтгэгч чанар, хөдөлмөрч зан, хүч хөрөнгөөрөө босгосон хөрөнгөнөөсөө аль хүнд бэрх, аль хэрэгцээтэй чиглэлд хариу бодолгүй, сэтгэл харамгүй хандив өргөдөг. Тэднийг энэрэгч, өршөөгч, ивээгч, нигүүлсэгч, ивээн тэтгэгч, их буянтан, өглөгийн эзэд гэх зэрэг өргөмж үгээр үнэн сэтгэлээсээ магтаж, өр зөөлөн, өнгөр суусан баячууд гэдэг. Тэр хэрээр нийгэмд эзлэх байр суурь нь улам бэхжиж, нэр хүнд нь ихэд өсдөг. 2020 онд л гэхэд, АНУ-ын тавин толгой баян 24.7 тэрбум америк доллар буяны үйлст өргөжээ. Тэдгээр буянтныг тэрүүлсэн Жефф Безос дэлхийн дулаарлын эсрэг үйлст зориулаарай хэмээн арван тэрбум ам.доллараа хандивлажээ. 

Цул эрдэнэс болсон уулыг нь хүртэл хувьдаа авчих гэсэн шуналаа оосорлож, одоо манайд гэнэт баяжсан хувь хүмүүс ингэх цаг хэдийнээ болсон. Хэрэв өөрсдөө одоохон санаачлахгүй бол тэг гэж нэхэх цаг ирнэ. Нэг талдаа нүглээ нимгэл, нөгөө талдаа нийгмийн буяны үйлст хэт их хүртсэнээсээ хариу барь хэмээн олон түмэн түрхрэх цаг ирнэ. 

Энэ Монголынхоо ачаа бүхнийг нуруун дээрээ үүрч ирсэн настан буурлууд насныхаа эцэст дутаж гачигдаж, ядарч зүдэрч, хорвоод хүн болж төрөх ховорхон хувь заяасан хүүхэд багачууд нь өлссөндөө, даарсандаа, өвдсөндөө уйлах ёр хэрхэвч байж таарахгүй. Энэ их баян Монгол орон цөөхөн хүн ардаа тэгж зүдрэхийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Өвгөд хөгшид, үр хүүхдүүдийн хүртэх болгоныг даанч их булаасан, харьцангуй тэгш хуваарилагдах ёстой нийгмийн баялаг болгоныг өөрсдөөө өм цөм хүртсэн цөөхөн хэдэн хүн өнөөдөр дэлхийн жишгийг дагаж, өглөг буяны үйлсийг өрнүүлэхээс өөр аргагүй. Өөрсдөө баяжихын хэрээр нөгөө талаа үгүйрүүлж ядууруулсан гэм зэм тэдэнд бий. 

Өгөх үүрэг, нэхэх эрх гэж байдаг!


Сэтгүүлч Д.Чулуунбаатар