УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан, Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн нарт “Хүсэлт тавих тухай” албан бичиг илгээлээ.

Улсын Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын даргад илгээсэн тус албан бичигт: 

Авлига, албан тушаалын гэмт хэрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ял завших боломжийг хууль хяналтын байгууллага олгож байгаа тухай иргэд, олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжилж байгаа төдийгүй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэр бүхий алба хаагчдын авлигын хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон, хэт хөнгөн ял оногдуулсан талаар мэдээлэх боллоо.

Ялангуяа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг буруу хэрэглэсэн талаар шүүмж, маргаан гарч байна.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, түүнчлэн эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хзлбэрт тохирсон байна гэсэн Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим хэнд ч алагчлалгүй үйлчлэх ёстой" гэжээ.

УИХ-ын даргын илгээсэн Хүсэлт тавих тухай тус албан бичгүүдийг бүрэн эхээрнь хүргэж байна.

"Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, мөн хэсгийн 4 дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” гэж заасан, түүнчлэн дээр дурдсан хэргийг хянан шийдвэрлэх явцад хууль хэрэглээний талаар алдаа дутагдал гарсан эсэхэд дүн шинжилгээ хийж, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой арга хэмжээ авахыг Танаас хүсье" гэжээ.


Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс