Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд ноён Ван Иг УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд эрхэмсэг ноён Ван И болон дагалдан яваа төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд энэхүү айлчлал хоёр орны харилцааны түүхэнд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа илэрхийлэв. 

Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд олон салбарт бүхий л чиглэлээр харилцаа хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин, тодорхой үр дүнгээр баяжиж байгаад сэтгэл их хангалуун байгаагаа тэмдэглэлээ. Харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр орны язгуур ашиг сонирхолыг харилцан ойлголцож, хүндэтгэлтэй хандан, тулгарч буй асуудлуудыг яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэж байх нь хамтын ажиллагааны үр дүн гарах үндэс суурь гэдгийг УИХ-ын дарга онцлов.

Ноён Ван И "Монгол Улсын Их Хурал бол ард түмний төлөөлөл бөгөөд хоёр орны ард иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх, ойлголцлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой юм. Хоёр улсын ард түмэн хоорондын харилцан ойлголцол нэмэгдэн, найрсаг харилцаа бэхжсэн тохиолдолд БНХАУ болон Монгол Улсын харилцаа хамтын ажиллагааны тогтвортой хөгжлийн том түлхэц болох нь лавтай. БНХАУ бусад улс оронтой эрх тэгш харилцах зарчмыг баримталдаг. Хөршийн хувиар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийг хүндэтгэж ирсэн болохыг хоёр орны Гадаад харилцааны сайд нарын өнөөдрийн уулзалтын үеэр онцлон ярилцлаа. Хоёр улс бүх түвшиндээ харилцан ойлголцож хамтран ажиллах нь чухал. Монгол Улсын Их Хурлын даргын хувиар Та хоёр улсын ард иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулна гэж найдаж байна” гэлээ.  

Монгол Улс, БНХАУ худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаандаа анхаарал хандуулахын зэрэгцээ боловсрол, соёл, спорт, хүмүүнлэгийн, төрийн бус байгууллагын, иргэд хоорондын болон орон нутгуудын хамтын ажиллагааг хөгжүүлж байгааг УИХ-ын дарга М.Энхболд тэмдэглэв. 2018 оны нэгдүгээр сард хоёр улсын Хүмүүнлэгийн зөвлөлийн хурал болж, 40 гаруй ажлыг төлөвлөн, энэ дагуу ажил хэрэг өрнөж байгаад баяртай байна гэлээ. 

Уулзалтын төгсгөлд ирэх онд тохиох, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хамтын ажиллагаагаа өргөжүүлж, үр дүнд хүргэсэн далайцтай амжилтаар угтах, цаашид хоёр орны харилцаа хамтын ажиллагааны шинэ хуудас нээгдэх ач холбогдлыг анхаарч тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгтэй байгаагаа тэмдэглэв.