Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, түүний оронд УИХ-ын даргын ахлах зөвлөх Л.Өлзийсайханыг томилох асуудлыг хэлэлцлээ. 

Ц.Цолмонгийн чөлөөлөгдөх хүсэлттэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар тайлбар хэлсэн юм. Тэрбээр “Стратеги төлөвлөгөө гэж 2002 онд баталсан баримт бичиг бий. Төрийн албаны шинэ хуулийн дагуу УИХ-ын Тамгын газрын ЕНБД-гаар ахлуулсан ажлын хэсэг стратеги төлөвлөгөөг шинэчлэн батлах, гүйцэтгэлийн төлөвлөгөө болгон өөрчлөх шаардлага тавигдсан. Энэ асуудлаар хурал яваагүй учраас үүнийгээ явуул, ажлаа хий гэсэн асуудал тавьж байсан" гэв.

Ингээд асуулт хариултын дараагаар санал хураалт явууллаа. Төрийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын Тамгын газрын  Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ.